Д.Сумъяабазарын ҮХО-ын банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баярсайханыг Япон дахь ЭСЯ-д хэлтсийн даргаар томилжээ

Д.Сумъяабазарын ҮХО-ын банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баярсайханыг Япон дахь ЭСЯ-д хэлтсийн даргаар томилжээ

Хотын дарга Д.Сумъяабазар нь өөрийн дүү Д.Дагвадоржтой хамтран Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулсан. Тэгвэл тус банкны 15.9 хувийг эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Б.Баярсайхан гэх залуу нь өдгөө Япон дахь Монголын Элчин сайдын яаманд зөвлөх, Эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар түүнийг дэмжиж уг албан тушаалд томилуулсан гэх мэдээлэл байна. Мөн уг үйл ажиллагаанд эрх ашгийн зөрчил үүссэн байх магадлалтай. Д.Сумъяабазар, Д.Дагвадоржийн хувьд япончуудтай түншийн харилцаатай. Тийм ч учраас Б.Баярсайханы томилгоонд нөлөөлж, Япон дахь Элчин сайдын яаманд томилуулсан байх магадлалтай байгаа юм. 

Ташрамд дурдахад, Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд байршуулсан төрийн 114.1 тэрбум төгрөг асуудалд ороод байгаа билээ.

Дээрх 114 тэрбум төгрөгийн 27 тэрбум нь “Эрдэнэс тавантолгой”-н мөнгө. Эл мөнгийг тус компаний ТУЗ-ын дарга Б.Баярсайхан тус банканд байрших боломжийг бүрдүүлсэн байх магадлалтай хэмээн хардагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Б.Баярсайхан тус банкны хувьцаа эзэмшигчдийн нэг юм.

Тус банкны 56.9 хувийг Асашёрюү Д.Дагвадорж, 15.9 хувийг Хотын дарга Д.Сумъяабазар, 15.9 Б.Баярсайхан, 5.3 хувийг Ч.Маралмаа, 5.7 хувийг Японы хөрөнгө оруулалттай “UB DIVERSIFIED” LLC компани тус тус эзэмшдэг. Анх 2016 онд Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нарын нэр бүртгэлтэй байсан бол 2019 онд үлдсэн гурав нь хувь эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн байдаг.

Б.Баярсайханы хувьд 2010 оноос МАН-ын Бага хурлын гишүүн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. 2000 оны үед Япон компанид ажиллаж байсан нь Асашёрюү Д.Дагвадоржтой холбогдох сэжим болдог. Мөн Д.Сумъяабазар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд болуутаа түүнийг Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-ын даргаар томилсон.