Б.Жавхлан: Бензин, шатахуун, эрчим хүчтэй холбоотой төлбөр тооцооны асуудалд орохгүй

Б.Жавхлан: Бензин, шатахуун, эрчим хүчтэй холбоотой төлбөр тооцооны асуудалд орохгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр Сангийн Сайд Б.Жавхлан "Монголын Эдийн засгийн форум ирэх сарын 7,8 ны өдөр үргэлжилнэ. Миний бие ажлын хэсгийг ахалж байна. Форум “Шинэ сэргэлт” гэсэн уриатай байна. Форумаар цар тахлын үеийн, дараах эдийн засгийн тэлэлт, ирээдүй, үүнд Монгол Улс хэрхэн уялдаж ажиллах гэсэн хүрээнд явагдана.

Гадаадын хөрөнгө оруулагчидтай өргөн хүрээнд хамтарч хийнэ. Укриан, Оросын асуудлыг эдийн засгийн хувьд хэрхэн хохирол багатай давж туулах вэ гэдэг дээр санал солилцоно. Төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалт гэсэн гурван талыг хамарч хийгдэнэ. Энэ нь ирэх 5 дугаар сард болох Давосын эдийн засгийн чуулганд бэлдэх суурь чиглэл болно.

Монголын Эдийн засгийн форум УИХ-ын чуулгантай давхацна. Өмнө нь хоёр өдөр хуралдаад явуулдаг байсан бол энэ удаад зохион байгуулалт өөрчлөлт орсон. Шинэ сэргэлтийн зургаан чиглэлд холбогдох яамдууд дээр гурван сарын турш  дэд чиглэлээр санал солилцоно. Эндээс гарсан шинэ саналуудыг форум дээрээ хэлэлцүүлнэ.

Бензин, шатахууны 36-70 хоногийн нөөцтэй байна. Энэ бол хэвийн хэмжээ. Өнөөдөр Роснефть компаниас өгсөн мэдээллээр дараагийн гурван сарын гэрээ хийхэд бэлэн байна гэсэн. Төлбөр тооцооны асуудалд зургаадугаар сарын 24-ний өдөр хүртэл ямар нэг саад бэрхшээл гарахгүй. тасалдахгүй. Монголбанкны мэдэгдэж байгаагаар шатахуунтай холбоотой төлбөр тооцоо хийхэд Оросын хоёр ч банктай холбогдоод байна гэсэн. Бензин, шатахуун, эрчим хүчтэй холбоотой төлбөр тооцооны асуудалд орохгүй.

АНУ-аас шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж зарласан. Манай улс гадаад худалдааны хувьд хойд хөрштэйгөө алдагдалтай, урд хөрштэйгөө ашигтай ажилладаг. ОХУ-тай хийдэг гол худалдаа шатахуун байдаг. Оргил үедээ 1.8 тэрбум ам.долларын шатахууны төлөлт хийж байсан.

Сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим ам.долларын шатахууны төлбөр хийгдэж байгаа. Одоогоор бол шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн байдлаар доголдол гарахгүй гэж мэдэгдсэн. ОХУ-аар дамжиж Европоос ирдэг гадаад худалдааны тээвэрлэлтийн асуудал дээр цаашид ямар нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй.

Тэгэхээр эдийн засагт одоо үүсээд буй нөхцөл байдал ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Харин ямар ухаалаг арга замаар тухайн нөлөөллийг багасгах вэ гэдэг нь чухал” гэлээ.

Б.МИШЭЭЛ