Ц.Элбэгдорж: Монгол бол төвийг сахисан орон. Энэ нь энхийг эрхэмлэнэ гэсэн үг

Ц.Элбэгдорж: Монгол бол төвийг сахисан орон. Энэ нь энхийг эрхэмлэнэ гэсэн үг

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Орос, Украины хооронд болж буй асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “НҮБ-ын ерөнхий чуулган хуралдаж 193 гишүүн орон оролцлоо. Тус хуралдаанаар Оросыг бие даасан орны эсрэг дайрч байгаа нь буруу гэж ярилцаж, санал хураасан. Гэтэл 141 орон Орос, Укрианы дайныг эсэргүүцэж, 35 орон нь түдгэлзсэн санал өгсөн. Үүнд Хятад Улс орж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Харин Орос, Хойд Солонгос, Сири Улс дэмжсэн байна. Бид дэлхийн хоёрдугаар дайны үед Оросыг бүх чадлаараа дэмжиж, улсын төсвийнхөө талыг, 500 мянган морь, гурван сая хонь явуулж, хороодын цэргийн хувцсыг бэлдэж явуулж байсан. Үүнийг одоогийн Ерөнхийлөгч нь В.Путин их үнэлдэг. Харин одоо Оросын Украины эсрэг дайныг дэмжих боломжгүй. Тус дайныг хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулж, удирдаж байгаа. Гэвч бидний Орос Улстай тогтоосон эв найрамдал мөнхийн шүү дээ. Оросын сая, сая хүн тус дайныг эсэргүүцэж, долоон мянган иргэн баривчлагдсан байна. Эх орноо хамгаалж буй хүмүүс хүчтэй байдаг юм байна. Харин дайрч байгаа орос цэргүүд эргэлзээтэй байгаа.

Энхийн замаар шийдэх ёстой. Монгол улс төвийг сахисан байх ёстой гэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яриад хуульчлах санаачилга гаргаж байсан юм. Төвийг сахина гэдэг энхийг эрхэмлэнэ гэсэн үг. Төвийг сахина гэдэг өөрийн толгойтой болж байна гэсэн үг. Манайхан төвийг сахихыг байр, суурьгүй байна гэж ойлгодог. Орос, Хятад гэх том гүрнүүдэд толгойгоо мэдүүлэхгүй. Төвийг сахих гэдэг нь аюул тулгарахад гаргаж тавьдаг хэрэгсэл шүү дээ” гэв.

Мөн тэрбээр аливаа хүндрэл боломж агуулж байдаг. Манай улс гаалийн татвараа тэглэж, Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсээ ашиглах, банк санхүүгийн тогтолцоогоо Швейцарь шиг өөрчлөх, төмөр замаа хос, хурдны болгох, айти, технологийн салбарыг хөгжүүлж, Японы хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч тус улстай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээ амилуулах ёстой. Япон бол хамгийн боломжтой орон гэж би харж байна. 

Монгол, Орос руу орох цонх болох ёстой. Хятадаас маш их бараа авч Алтанбулагаар гаргах ёстой. Орост бүх орон хориг тавьсан. Бараа материалын хомстолд орох нь. Тэгэхээр урд хөршөөс бараа авч Эрээнд дээр хураан түүнийгээ Орос руу хурдан эргэлтээр оруулах нь зөв.  Агаарын тээврийн компаниудыг төрөөс дэмжих ёстой. Хоёр хөршийнхөө ачаа барааны эргэлтийн том талбар болох гээд байна. Түүнчлэн, Дарханы замаа яаралтай ашиглалтад оруулах, Эгийн голын цахилгаан станцаа яаралтай барьж ашиглалтад оруулах, зэсээ хайлуулж гадагшаа зарахыг сануулъя гэсэн юм.