"Хойд Солонгост зэвсэг зарсан" гэх асуудалд холбогдож байсан Л.Болдыг Бельгийн Хаант Улс хүлээн авчээ

"Хойд Солонгост зэвсэг зарсан" гэх асуудалд холбогдож байсан Л.Болдыг Бельгийн Хаант Улс хүлээн авчээ

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. 

Л.Болдыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгосноор УИХ Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон. Харин түүнийг тус улс хүлээн авахгүй байх магадлалтай гэх хүн нэлээд байсан билээ. 

Учир нь Л.Болд нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан гэх асуудалд холбогдож, нэг хэсэг дуулиан тарьсан. Энэ нь Элчин сайдаар суухад сөргөөр нөлөөлж болзошгүй гэх хардлага нийтийн дунд байсан ч тэрбээр итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, ажилдаа орсон байна. 

Асуудлыг эргэн сануулахад, 2019 оны аравдугаар сард ТЕГ-ын дарга Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” хэмээж эл асуудлыг олны анхаарлын төвд авчирч байсан юм. 

Харин үүний хариуд Л.Болд "Монгол Улс хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй. Үгээ тайлбарлахгүй бол гадуур буруу ташаа мэдээлэл явах нь. ОХУ-ын иргэд, Монголын иргэд хамтраад Хойд Солонгосоос 300 мянган ам.долларын гэрээ зэвсэг авахаар дамжиж ирсэн асуудал байна. Үүнийг манай тал зохицуулсан. Гэтэл өнөөдөр буруу ойлголт өгч байна.Учир нь, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар нэр дэвшүүлэх үеэр тэрбээр энэ тухай тодотгож байсан удаатай. Тухайн үед залилангийн хэрэг яригдаад явж байхад нээлттэй явуулах хэрэгтэй гэж ярьж байсан. Тиймээс тухайн үед ажил хариуцаж байсан хүний хувьд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Оросын байгууллагаас мөнгө аваад Орост нь буцааж өгсөн. Үүнийг л ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарласан байдаг.  




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө