Б.Баярбаатар: Ш.Үнэнбат намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн. Бусад нь ч мөн түдгэлзээд шалгуулах ёстой

Б.Баярбаатар: Ш.Үнэнбат намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн. Бусад нь ч мөн түдгэлзээд шалгуулах ёстой

Өнгөрсөн сарын 18-ны өдөр /2022.02.18/ МАН-ын Хяналтын хороо хуралдаж, Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдсон гишүүдээ намын гишүүнчлэлээс нь хассан. Мөн зарим гишүүддээ "тайлбар" ирүүлэх хугацаатай даалгаврыг өгсөн. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, гишүүн асан Н.Билэгт, А.Сүхбат, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, НИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнийг "тайлбар" өгөхийг шаардаж, үүрэг өгсөн юм. 

Тэгвэл дээрх хүмүүс нь тайлбараа ирүүлсэн эсэх цаашид тэдэнд ямар хариуцлага тооцох талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа. 

Тэрбээр "Улс төрийн хариуцлага нь маш хүнд. Учир нь тэр хүний нэр хүндийн асуудал. Тиймээс долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар маш хариуцлагатайгаар улс төрийн хариуцлагыг ногдуулах ёстой. Хөгжлийн банктай нэр холбогдсон хүмүүсийн буруутай нь хуулийн байгууллагаар тогтоогдвол хариуцлагын асуудал яригдана. 

Манай намын дүрэмд, 

  1. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл авсан хүн МАН-ын гишүүнээр байх эрхтэй. Тухайлбал 2010 онд ял шийтгэл аваад түүнийгээ эдэлсэн хүн МАН-ын гишүүн байж болно. Гэхдээ намаас түүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Тэр хүн манай намаас аливаа сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн үг. Улс төрин сонгуульд ажил хийхгүй.  Зөвхөн эвлэлдэн нэгдэх эрхээ л эдэлнэ. 
  2. МАН-ын гишүүн нь хуулийн байгууллагаар шалгагдаж яллагдагчаар татагдвал 30 хоногийн дотор намын холбогдох байгууллагадаа гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгөх ёстой. Үнэхээр тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол гишүүнээс нь хасна. Харин тогтоогдохгүй бол намын гишүүнчлэл нь сэргэнэ. 

Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүд өөрийн хүсэлтээр гишүүнчлэлээсээ түдгэлзээд шалгуулах ёстой. Одоогоор НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх хүсэлтээ гаргасан. Бусад гишүүд нь тайлбараа өгсөн. Гэхдээ энэ асуудлаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ. 

Түүний ярианаас дүгнэвэл, МАН-аас "Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон дээрх гишүүдээ намын дүрмээ мөрдөж, гишүүнчлэлээсээ түдгэлзэн шалгуулчих" гэж шахаж буй нь тодорхой байна.