С.Эрдэнэ: МоАХ-нд шургалж орсон бэртэгчнүүдээс айх хэрэг үү

С.Эрдэнэ: МоАХ-нд шургалж орсон бэртэгчнүүдээс айх хэрэг үү

Өнөөдөр /2022.03.07/ Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны Тавдугаар их хурал болж байна. Тус хуралд АН, МоАХ-ны дарга асан С.Эрдэнэ оролцож, үг хэллээ. 

Тэрээр, МоАХ туйлын эмгэнэлтэй байдалд орчхоод байна. МоАХ-ны дарга байсан хүний хувьд өнөөдөр эргээд харахад миний мэддэг МоАХ байхгүй болсон. Өдөр бүр тордох ёстой ардчилал өнөөдөр хаана байна вэ. Шат шатандаа засаглалын эрх авсан аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, МоАХ яагаад дуугарахгүй байгаа юм бэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход ардчиллын тугийг атгуулаад босгож өгсөн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад дөрвөн жил дуугарсангүй вэ. Тэр яагаад МоАХ-ны амыг барив аа. МоАХ-ны дарга байсан, АН-ын даргын хувьд бусармаг, хариуцлагагүй этгээдийг Ерөнхийлөгчөөр сонгох үйл ажиллагаанд оролцсондоо үнэхээр харамсч байна. Би үүндээ дахин уучлалт гуйя. Тиймээс МоАХ-ны тавдугаар их хурлаас тодорхой шийдвэрүүд гарах ёстой. МоАХ-ны аймаг, дүүргийн зохицуулагч гэх нэртэй бэлэг сэлт, одон тэмдгээр хахталаа цутгуулсан нөхдүүд өнөөдөр эрх баригчидтай тэмцэх ёстой. Тэдний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Өнөөдөр Монголын ард түмний хувь заяа, эрх чөлөөний төлөө тэмцэх ёстой хүмүүс МоАХ-ны гишүүдийг дарамтлаад сууж байна. 

Бид өнөөдөр коммунистуудаас айгаагүй байж МоАХ-нд шургалж орсон бэртэгчнүүдээс айх хэрэг үү. Тийм зүйл байхгүй. МоАХ дотор үнэхээр шан харамж харж, үзэл санаагаа уландаа гишгэсэн Х.Баттулгыг дагасан бүхэл бүтэн хүн сүрэг бий болчхоод байна. Тэд Монголын төлөө ганц ч үг дуугараагүй" гэсэн юм.