УИХ-ын дарга Г.Занданшатар хадгаламжийн хүүгээс бус хөдөлмөрлөснөөс нь илүү татвар авах "АРГА ОЛЖЭЭ"

УИХ-ын дарга Г.Занданшатар хадгаламжийн хүүгээс бус хөдөлмөрлөснөөс нь илүү татвар авах "АРГА ОЛЖЭЭ"

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн намрын чуулганы нээлтийн үеэр “УИХ хуулийг бизнес эрхлэгч, татвар төлөгчийн нүдээр харж батална” гэдгийг онцолсон. Энэ нь олны талархлыг хүлээгээд байсан юм.

Гэтэл түүний хэлсэн эл үгний цуурай намжиж амжаагүй байтал тэрбээр хэдхэн хоногийн өмнө МҮОНТ-ээр эдийн засгийг тэлэх бодлогын талаар ярих үеэрээ өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тодруулбал, тэрбээр "Их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад болиулчихдаг. 2.5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан.

Хэрэв зөв ойлгуулж чадвал 5 саяас дээш, цаашлаад 10 саяас дээш ч юм уу сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг энэ зарчим руу шилжих нь зөв гэж боддог.

Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих юм" гэжээ.

Түүний хэлж буйгаар их орлоготой хүмүүсээс ахиу татвар авч, сангуудын алдагдлыг нөхөж, ядуус, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих юм гэнэ. Гэтэл энэ нь баялаг бүтээж буй хүмүүс руугээ шууд дайрч байгаагаас ялгаа байхгүй зүйл гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж, шүүмжилж байна.

Угтаа Богд Зонхов бурхны хөшөөний төсвийг хасаж, ахмадуудын цалинг нэмсэн шигээ үр ашиггүй төсвийг царцаах, энэ мэт бүтээн байгуулалтын ажилд төсвийн мөнгийг хуваарилдаггүй байх нь сангуудын алдагдалаа нөхөх, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих боломжийг бий болгох байлтай.

Нөгөөтээгүүр банкны хадгаламжийн хүү, тансаг хэрэглээний татвараа нэмсний дараа хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж олсон иргэдийнхээ татварыг нэмэх талаар ярих нь илүү зохистой баймаар.

Ямартай ч УИХ-ын дарга Г.Занданшатарын ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ ялгаварлан гадуурхах, дабль стандарт тогтоох гэсэн санаархал газар авахгүй унах бололтой.