Б.Батцэцэг: Монгол, Австралийн “Өргөтгөсөн түншлэл”-ээ хамтын ажиллагаагаар баяжуулан шинэ түвшинд гаргана гэдэгт огт эргэлзэхгүй байна

Б.Батцэцэг: Монгол, Австралийн “Өргөтгөсөн түншлэл”-ээ хамтын ажиллагаагаар баяжуулан шинэ түвшинд гаргана гэдэгт огт эргэлзэхгүй байна

Монгол Улс, Австралийн хооронд дипломат харилцааны тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Австралийн Үндэсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлж, жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэх ойн баярын нээлтийг хийлээ. 

Хатагтай, ноёд оо

Юуны өмнө Австралийн өдрийн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Мөн Монгол, Австралийн хооронд харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын өргөн дэвшүүлэхийн хамт ойн арга хэмжээг жилийн турш зохион байгуулах ажлыг ийнхүү нээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье.

Тавин жилийн өмнө дэлхий нийтийн улс төрийн тогтолцоо, гадаад орчин өөр байсан тул манай хоёр улсын хоорондын харилцаа,  хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж хязгаарлагдмал байсан билээ. 1990-ээд онд Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн замыг сонгож, Монгол, Австралийн харилцаа эрчимтэй хөгжлийн шат руу шилжсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд хоёр улсын хооронд төр засаг, Парламент, ГХЯ-ны удирдлагын харилцан айлчуулалууд хэрэгжсэн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын 1997 онд Австралид,  Австралийн Амбан захирагч Билл Хэйдений 1994 онд Монгол Улсад тус тус хийсэн айлчлалыг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эдгээр айлчлалын үеэр манай хоёр улсын  харилцааны баттай суурь тавигдаж, харилцаа ойлголцол нэмэгдэн, ард түмний хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан билээ.

Сүүлийн 50 жилийн хугацаанд Монгол, Австралийн ард түмний найрсаг харилцаа бэхжиж ирснийг Гадаад хэргийн сайд Эрхэмсэг хатагтай Марис Пэйн хэлсэн үгэндээ дурдсан байна. Иймд бид 50 жилийн ойгоо багагүй ололт амжилттайгаар угтаж байна. Өнөөдрийн байдлаар Австрали улс Ази, дайлан бүс нутаг дахь манай чухал түнш, гуравдагч хөрш, мөн Австралийн аж ахуйн нэгжүүд Монгол Улс дахь томоохон хөрөнгө оруулагчдын нэг болжээ.

Монгол Улсын хөгжил дэвшилд Австрали Улсаас үзүүлж буй дэмжлэг туслалцаа, ялангуяа Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг энд онцлон тэмдэглэе.

Бид хүнд хэцүү цагт харилцан бие биенээ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай билээ. Дэлхий нийтийг түгшээсэн КОВИД-19 цар тахлын хүнд үед Австрали Улсаас КОВАКС хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар манай улсад тусламж үзүүлсэнд талархаж байна.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, сайн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан ирж буй он жилүүдэд бид хамтдаа илүү ихийг бүтээж, амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Монгол, Австралийн найрсаг харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, “Өргөтгөсөн түншлэл”-ээ хоёр талын төдийгүй олон тал хамтын ажиллагаагаар баяжуулан шинэ түвшинд гаргана гэдэгт огт эргэлзэхгүй байна" гэжээ.

Э.МИШЭЭЛ