С.Энхболд: Ахмадын тусламж үйлчилгээ үзүүлдэг орыг хүүхдийнх болгосон

С.Энхболд: Ахмадын тусламж үйлчилгээ үзүүлдэг орыг хүүхдийнх болгосон

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эх хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдийг олон улсын жишигт хүргэх үүрэг чиглэл өгч, тодорхой хөрөнгө оруулалтыг хийхээр боллоо. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр өмнө нь өгсөн үүрэг чиглэлээ газар дээр нь очиж шалгасан. Улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөх эмнэлгүүдийн орыг 100 хувь шинэчилсэн. 

Мөн 2022 оны төсөвт тодорхой төсвүүд суугдаж, Хүрээ амаржих газрын шинэ барилгын төсөв шийдэгдсэн. Мөн Эх, хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн их засвар, барилгын өргөтгөлийн төсвийн хөрөнгө суугдсан байгаа. 

Өнөөдрийн хуралдаанаар томуу томуу төст өвчинтэй холбоотойгоор хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн талаарх танилцуулгыг хийсэн. 2019-2020 онд энэ төрлийн өвчлөл маш өндөр байсан. Харин өнгөрсөн онд өвчлөл бага байсан. Энэ нь хөл хориотой холбоотой. 

Ковидын дөрөвдэх тохиолдлын давлагаа эхэлснээс хойш томуу томуу төст өвчин давхар нэмэгдсэн. 0-9 насны хүүхдийн өвчлөл их байна. Манай улсын 6 аймагт томуу томуу төст өвчний дэгдэлт идэвхжилт өндөр байгаа нь судалгаагаар харагдаж байна. 

Сүүлийн үед хүүхдийн өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор ачаалал ихэссэн гэх мэдээлэл байгаа. Энэ хүрээнд амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна. Нэмэлт орууд дэлгэсэн. Тодруулбал, ахмадын тусламж үйлчилгээ үзүүлдэг орыг чөлөөлж, хүүхдийн тусламж үйлчилгээ рүү нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Ковидын тусламж үйлчилгээ үзүүлдэг тасгийг дүүргүүдийн эмнэлэгт нээсэн байсан. Үүнийг мөн томуу томуу төст өвчлөлд шилжүүлсэн" гэлээ.