Бат-Үүлийн Чулуудай: Хэн нэгэн энэ хэргийг зохиож, захиалж аавыг минь ялласан. Энэ бол үнэн

Бат-Үүлийн Чулуудай: Хэн нэгэн энэ хэргийг зохиож, захиалж аавыг минь ялласан. Энэ бол үнэн

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон. Өдгөө тэрбээр шоронд хоригдож байгаа юм. Удахгүй давж заалдах шатны шүүх хурал болох бөгөөд тэрбээр уг хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа юм. Энэ цаг үед isee.mn түүний хүү Б.Чулуудайтай ярилцлаа. 

-НОТЛОХ НОТОЛГОО, ХОХИРСОН ХОХИРОЛ БАС ХОХИРОГЧ БАЙХГҮЙ АТАЛ ШҮҮХ ААВЫГ МИНЬ ЯЛЛАСАН -

-Э.Бат-Үүл гуайг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамаарал бүхий этгээдийнхээ компанид давуу эрх олгосон гэж анхан шатны шүүхээс буруутган 4 жилийн хорих ялаар шийтгэсэн. Тодруулбал, хүү болох таны компанид давуу эрх олгосон гэдэг. Давуу эрх олгож, мөнгө санхүүгээр дэмжлэг үзүүлснийг хуулийн байгууллагаас яаж нотолсон байдаг вэ. Ер нь хэрэг явдлын талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?

-Сайн байна уу? Юун түрүүнд танд болон танай уншигч олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагынхаа эхэнд нэгэн зүйлийг зориуд хэлэхийг хүсэж байна. 12 дугаар сард 9 хоног үргэлжилсэн анхан шатны шүүх хуралд эхнээс нь төгсгөл хүртэл оролцсон хөндлөнгийн ажиглагч буюу “Иргэдийн Төлөөлөгч” уг шүүх хурлын төгсгөлд энэхүү хэрэгт аавыг минь болон холбогдсон бүсад бүх хүмүүсийг “гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Хэрэв миний аав шударга шүүхээр шүүлгэж чадсан бол “гэм буруугүй” хэмээн шийдэж, цагаатгах байлаа.

Гэвч энэ хэрэг анхнаасаа улс төрийн захиалгатай байсан учраас ямар ч нотлох баримтгүйгээр, улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, ямар ч гэм буруугүй аавд минь хэрэг зохиож, хуулийг илтэд зөрчин байж ял оноосон.

Та нотлох баримтын талаар асуулаа. Дахин хэлье. Аавыг минь гэм буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй, анхнаасаа нотолгоо байхгүйгээр шүүх рүү шилжсэн. Мөн улсад учирсан нэг ч төгрөгийн хохирол гэж байхгүй. Нэг ёсондоо нотлох нотолгоо, хохирсон хохирол бас хохирогч байхгүй атал шүүх аавыг минь ялласан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн сонгон шалгаруулалтад Нийслэлийн Засаг даргын зүгээс хүсээд ч нөлөөлөх, оролцох хуулийн ямар ч боломж байхгүй. Учир нь дахин төлөвлөлтийн олон байршилд компаниуд оролцохдоо зөвхөн газар эзэмшигч иргэдтэй харилцан тохиролцож, иргэдэд хамгийн сайн нөхцөл санал болгож чадсан компанийг иргэд өөрсдөө сонгож байсан. Иргэдийн гаргасан шийдвэр, өгсөн саналд аль нэг дарга нөлөөлөх боломж огт байгаагүй. Иргэд өөрсдийн оршин суух, үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх, ирээдүйн амьдрал ахуйтай нь холбоотой амин чухал, хариуцлагатай шийдвэрийг бусад хэн нэгнээр шийдүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ.

Сонгон шалгаруулах үйл явц нарийн зохион байгуулалттай, өндөр нууцлалын доор, шудрага явагдсан. Санал хураалтын үр дүнд хамгийн олон санал авсан компани шалгарч, шалгарсан компанийн үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилогдсон “Төсөл сонгон шалгаруулах” комисс бүрэн хянаж ажилласан. Энэхүү комисст нийслэлээс гадна бусад олон төрийн байгууллагын мэргэжилтнүүд байсан бөгөөд Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журмуудыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанаар баталсан байдаг.

Яг үнэндээ Монгол улсын хөгжил дэвшил, ирээдүйн баталгаа болох, бодитой үр өгөөжөө өгч чадах цөөхөн хэдхэн төслийн нэг бол “Гэр хорооллын дахин төлөвлөлт” байсан юм. Дэлхийн хөгжилтэй улс орнууд гэр хорооллуудаа дахин төлөвлөх замаар түмэн янзын асуудлуудаа шийдэж чадсан олон жишээ, жишиг, туршлага олон бий. Гэвч энэ чухал төслийг бусад нам эвслүүд улс төржүүлж, төслийг бүтэх боломжгүй мэт олон нийтэд буруу ташаа ойлгуулж, тархи угааж, шоу хийсэн. Энэ бол үнэхээр харамсмаар явдал.

Э.Бат-Үүл

-Хохирогчоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар тодорхойлогдсон. Тэд хохирсон талаар ямар нэгэн баримт, нотолгоог харуулдаг уу?

-Хохирлын талаар тооцоо дүгнэлт байхгүй, яг ямар үйлдлийг гэмт хэрэг гэж тооцсон нь шийдвэрт тусгагдаагүй. Аавд минь үйлдсэн гэмт хэрэг байхгүй учраас улсад учирсан хохирол гэгч зүйл байхгүй. Тиймээс тодорхой дүгнэлт бичиж чадаагүй. Огтоос байхгүй зүйлийг яаж ч бичих билээ. Хэн нэгэн энэ хэргийг зохиосон, захиалсан. Энэ бол үнэн.

Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, манай компани шударгаар өрсөлдөж сонгон шалгаруулалтад ялсан өдрөөс иргэд хохирсон мэт ор үндэсгүй, худал мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгт өнөөдрийг хүртэл хохирсон нэг ч иргэн байхгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Энэ хэрэгт иргэн хохирсон гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй юм шүү.

Шүүх хурлын үеэр өмгөөлөгчид маань энэ хэрэгт яг хэн? хэзээ хохирсон юм бэ? Хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд байгаа юм бэ? Баримт нотолгоогоо харуулаач гэж хэлэхэд өөрсдийгөө хохирогч хэмээн үзээд байгаа Нийслэл ямар ч баримт үзүүлж харуулж чадаагүй юм.

Нийслэлд хохирол учруулсан гэх дулааны шугамын төсөв, зураг төсөл, барилга угсралтын ажлын баримт бичиг болон дулааны шугам нь нийслэлийн өмчид аль хэдийн бүртгэгдэн шилжсэн байдаг. Энэ бүхэн баримтаар нотлогдсон бөгөөд тэр ч байтугай тэрхүү дулааны шугамаас ойр орчмын айлууд, улсын болоод хувийн байгууллагууд яг одоо ч дулаанаа авч байна.

Товчхондоо Нийслэл захиалсан ажлаа хүлээж авсан, авахаар бархуу түүнийгээ бүрэн ашиглаж байгаа. Тэгсэн хэрнээ хохирсон мэт худал дүр эсгэж, гэм буруугүй хүмүүсийг гүтгэж яллуулаад завшиж суугаа гэсэн үг юм.

Бэрэн групп рүү компани шилжүүлсэн гэх асуудал иргэний хуулиар зохицуулагдах ёстой байсан. Монгол улсын иргэн өөрийн эзэмшлийн компанийг худалдах эсвэл бусдын компанийг худалдан авах бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд Бэрэн групп Б. Чулуудайгаас хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр, хуулийн дагуу компани худалдаж авсан. Гэрээний төлбөрийг шилжүүлсэн. Энэ бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн. Тиймээс гэмт хэргийн үндэслэлгүй гэж дүгнэсэн хэрнээ энэ шийдвэрээ аавд дээр минь өөрөөр гаргаж түүнийг шоронд хорьсон. Бас л үндэслэл, тайлбар, нотолгоо байхгүй.

-ШҮҮХ ХУРЛЫН ҮЕЭР ПРОКУРОРУУД "ТАНЫГ ЗААВАЛ ЯЛЛАХ БОЛНО" ГЭЖ ХЭЛСЭН-

-Э.Бат-Үүл гуайд хуулийн байгууллагаас ял онооход улс төрчид л нөлөөлсөн гэж та хэлээд байна. Тийм үү? 

Өмнө нь хэлсэн. Дахид хэлье. Энэ хэрэг бол бохир улс төрчдийн захиалга. Олны мэддэгээр “лифтэнд оцгондог хонгилын шүүгчид” гэх хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн “Бат-Үүлийн хэргийг хэрхэн шийдэх бэ” гэсэн схем хүртэл байсныг ард иргэд харсан. Энэ бүх баримт нотолгоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа цацагдаж байсныг сэтгүүлч та ч мэдэж байгаа байх. Энэ талаар аав минь АТГ болон бусад холбогдох байгууллагуудад гомдол гаргасан. Уг хэрэг хэрхэн шийдэгдэхийг биднээс гадна олон түмэн харж суугаа гэдгийг эрх биш холбогдох байгууллагууд нь ойлгож байгаа хэмээн найдаж байна.

Энэ бол яах аргагүй шинэ цаг үеийн хэлмэгдүүлэлт болж байна. Монгол улсын хууль, эрх зүйн байдал бүхэлдээ ялзарч, доройтосны нэг тод жишээ юм. Эрх мэдэлтэй хэн нэгэн хуулиар түрий барьж өөрт таалагдаагүй хэний ч хэлмэгдүүлж болохыг олон жишээгээр харуулсаар байна. Энэ асуудал өнөөдөр зөвхөн Бат-Үүл гэдэг хүнтэй холбоотой мэт харагдавч, үнэн хэрэгтээ энэ улсын иргэн бүрийн үнсэн язгуур эрхтэй шууд холбоотой юм. Цаашлаад Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой нэн чухал асуудал болоод байна.

Энэхүү зохиолмол хэрэг анхнаасаа буюу мөрдөн байцаалтын шатнаасаа өнөөдрийг хүртэл алхам бүртээ хуулийг ноцтой зөрчиж ирсэн. Э.Бат-Үүл гэдэг хүнтэй холбоотой хэргийг шалгаж эхэлсэн өдрөөс хууль хяналтыхан буюу мөрдөн байцаагч, прокурорууд түүнийг гэмт хэрэг үйлдэж, тэр нь баримтаар нотлогдсон мэт битүү утгатай, худал мэдээллийг хэвлэлээр ярьж, түүнийг нь хөлсний, зохион байгуулалттай багын мянга мянган тролл олон нийтийн сүлжээнд сэвж, ингэснээр иргэдийн дунд аавыг минь гэм буруутай гэх ойлголт бас хүлээлт үүсгэх нарийн стратегийг хэрэгжүүлсэн.

Харин Монголын шүүх энэхүү бусармаг үйл ажиллагаанд дийлдэж, өөрийн бие даасан, хараат бус байх үндсэн зарчмаасаа ухарч, “нийгмийн сэтгэл зүй”-д тааруулах зарчмыг баримтлан гэм буруугүй аавыг минь хотын дарга байхдаа хийж хэрэгжүүлсэн үйл хэргийх нь төлөө яллах прокуроруудын шийдвэрийг ёсчлон биелүүлсэн. Прокурорууд шүүх хурлын үед аавд минь яг ингэж хэлсэн юм шүү. “Та нар яагаад, ямар ч үндэслэлгүйгээр намайг яллах гээд улайран зүтгээд байгаа юм бэ?” Гэсэн аавын минь асуултанд “Таныг заавал яллах болно. Таныг хотын дарга байхдаа хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл хэргийн чинь төлөө яллаж байна” гэж хариулсан. Тухайн үед үүнийг сонссон хүн бүр гайхан балмагдаж байсан . Миний аав шиг хотын дарга энэ улсын түүхэнд байгаагүй гэж би боддог. Энэ бодолтой санал нийлэх олон мянган хүн байдаг гэдэгт ч би эргэлзэхгүй байна. Цаашид ажлыг чин сэтгэлээсээ, зөв, сайн хийсэн хүн бүр үйл хэргээсээ болж ял сонсодог цаг ирж байгаа юм байна гэж ойлгохооос өөр аргагүйд хүрсэн.

Э.Бат-Үүл

-Биеийн байдал нь одоогоор ямар байгаа вэ. Хоригдсоноос нь хойш та уулзав уу?

-Хуулийн дагуу уулзах боломж бүрээрээ уулзаж байгаа. Аав минь сайн байгаа. Энэ улсын төлөө хэрхэн яаж тэмцсэн хүн билээ дээ. Надаар хэлүүлэхгүй хүн бүр мэднэ. Амаргүй, хүнд хэцүү тэмцлийг туулаад гарсан миний аав шиг хүнд ямар их ухаан, тэсвэр тэвчээр байдаг гэдэг нь ойлгомжтой.

Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх гээд байж болох бүх л эрхүүдээ хязгаарлуулан хоригдож байгаа хэрнээ шоронгоос ч тэмцсээр байна.

Аавын хийсэн тэмцэл ялалтанд хүрнэ гэдэгт миний гэр бүл хэзээ ч эргэлзэж байгаагүй. Бид ч мөн адил аавынхаа төлөө, шудрага үнэний төлөө бүх чадлаараа зогсолтгүй тэмцэх болно. Аав минь залуу, хойч үеийнхэндээ зориулж ном бичиж байгаа. Тэднийг ямар ер бусын ирээдүй хүлээж байгаа тухай, түүнд хүрэх замын аялал ямар гайхалтай байх тухай энэхүү номондоо бичиж байгаа.

-Та аавынхаа асуудлаар НҮБ-д хандсан. Энэ үйл явдал процессын хувьд яаж үргэлжилж байна. Танд хариу ирсэн үү?

-Бид НҮБ-ын суурин төлөөлөгч болоод бусад хүний эрхийн байгууллагуудад хандсан, цаашлаад олон улсын хүний эрхийн ардчилалын төлөөх улс орнуудын шат шатны байгууллагуудад хандсан. Бидний гомдолыг хүлээж авсан, тодорхой ажиллагааг хийж энэ хэрэг дээр анхаарч байгаа тухайгаа илэрхийлцгээж байна.

-ХАМГИЙН СҮҮЛД 3 САРЫН 7-НЫ ӨДӨР БИЧСЭН НИЙТЛЭЛИЙГ НЬ ХУРААЖ АВСАН БАЙСАН-

-Э.Бат-Үүл гуайн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө буюу захидал бичих эрхийг хаасан байсан. Энэ тал дээр танай гэр бүл ямар дүгнэлт хийж байгаа вэ. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хангуулах тал дээр та бүхэн ажиллаж байгаа юу?

-Энэ хэргийн захиалагчид аавыг минь шоронд хийсэн нь багадаад үзэл бодлоо илэрхийлэх үндсэн язгуур эрхэнд нь хүртэл удаа дараа бүдүүлгээр халдаж байгаа. Тэр мунхаг хүмүүс аавын минь хэлэх ганц үгнээс хүртэл үхтэлээ айдаг гэдгээ л удаа дараа хэлээд байгаа хэрэг бишүү?

Хоригдсоныхоо дараахан буюу 1 дүгээр сарын 3-ны өдөр прокурорын байгууллага ямар бусармаг болсон тухай “Прокурорт алдсан эрх мэдлүүдээ анхаарах цаг болжээ” гэдэг нэртэй нийтлэл нь хэвлэгдсэн. Тэр өдөртөө л хэвлэн нийтлэх эрхийг нь ямар ч тайлбаргүй хаасан.

Удаан хугацааны нэгэн хэлбэрийн тэмцлийн үр дүнд эрхээ сэргээж чадсан. Харин сүүлд 3-р сарын 7-ны өдөр бичсэн нийтлэлийг нь шууд хурааж авсан байгаа юм. Учрыг асуухад Орос, Украины дайнтай холбоотой ямар нэгэн зүйл бичиж болохгүй гэсэн байгаа юм. Энэ дайн Монгол улсын ирээдүйтэй олон талаараа, ямар ч утгаараа нягт холбоотой. Эрх чөлөөт ардчилсан Монгол улсын иргэн хүнийхээ хувьд, Монгол улсын Баатар хүний хувьд, ардчиллын төлөө тэмцэгч хүнийхээ хувьд ч, Ардчилсан намын лидер, Нийслэлийн Ардчилсан Намын дарга хүний хувьд ч бай миний аав энэ эгзэгтэй үед өөрийн байр суурь, үзэл санааг чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхтэй хүн шүү дээ. Энэ эрхийнхээ төлөө хатуу тэмцэнэ гэдгээ холбогдох бүх хүмүүст нь хатуу анхааруулж, хуулийн дагуу гомдлоо дахин гаргасан байгаа.

-Мөн Э.Бат-Үүл гуайд холбогдох хэргийн шүүхийн шийтгэх тогтоол албажилгүй удсан. Яагаад ингэж удсаныг шүүхээс та бүхэнд хэрхэн тайлбарласан бэ. Уг нь 14 хоногт гарах ёстой ч нэг сарын дараа гарсан шүү дээ.

-Шүүх нь хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бичгээр гарах үүрэгтэй боловч 60 орчим хоногийн дараа шийдвэрээ гаргаж танилцуулсан. Мөн шүүх хурлын тэмдэглэлийг 7 хоногийн дотор бичгээр гаргаж танилцуулах үүрэгтэй боловч 3 сар орчмын дараа тэмдэглэлийг бичгээр гаргасан. Энэ нь цэвэр залхаан цээрлүүлэх үйл ажиллагаа болж байна гэж дүгнэхэд хүргэсэн.

-Давж заалдах шатны шүүхэд гомдлоо өгсөн байсан. Э.Бат-Үүл гуай хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа. Та бүхэн давж заалдах шатны шүүхээс ямар хүлээлттэй байгаа вэ.

-Аав минь нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийлгэх, шүүх хуралд өөрийн биеэр оролцож, тайлбар өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Давж заалдах шатны шүүх хүсэлтийг нь биелүүлнэ хэмээн бид найдаж байна.Хэргийг нээлттэй явуулж. Үнэн бодит баримт, нотолгоон дээр үндэслэн энэхүү захиалгат хэргийг хэрэгсэхгүй болгож, аавын минь нэр хүндийг сэргээнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн Давж заалдах шатны шүүх хараат бус, хэргийг үнэнч шударгаар шүүж чадна гэдэгт итгэж байгаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө