ХӨШИГНИЙ АРД: МАН-ын бүлэг "Оросоос болж валютын ханш өсөж, барааны тасалдал үүсэх нь" гэж сандралдаж, Б.Лхагвасүрэнг загнажээ

ХӨШИГНИЙ АРД: МАН-ын бүлэг "Оросоос болж валютын ханш өсөж, барааны тасалдал үүсэх нь" гэж сандралдаж, Б.Лхагвасүрэнг загнажээ

Даваа гараг бүр тогтмол хуралддаг МАН-ын бүлэг өчигдөр /2022.03.18/ буюу Баасан гарагт ээлжит бусаар хуралдсан байна. Хуралдаанаар улс орны эдийн засгийн нөхцөл байдал тэр дундаа "Орос, Украины дайны үр дагавраар манайд ирэх хүндрэл түүнээс хэрхэн хамгаалах" талаар тойрч ярилцсан байна.

-БҮХ ЗҮЙЛИЙН ҮНЭ ӨСЧ, ОЛДОЦ МУУДНА ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БАЙНА-

Ингэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч инфляци, валютын ханш өсч, бүх барааны үнэ нэмэгдэн олдоц муудах нь гэжээ. Тиймээс ч бүлгийн хуралд Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам тээврийн сайд Л.Халтар мөн Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зэргийг байлцуулж бодит мэдээлэл сонссон байна.

Тус албан тушаалтнуудын хувьд бодит нөхцөл байдлыг хэлсэн ингэхдээ урт хугацаандаа хүндрэл ирэх магадлалтай ч бид бэлэн байгаа гэх зүйлийг ярьжээ.

Тэдний танилцуулсан мэдээллиг гишүүд ихээхэн нууцалж байгаа бөгөөд ямартай ч "Монголбанк /МБ/, Сангийн яам цаг алдалгүй идэвхтэй ажиллах шаардлагатай байна гэдэгт санал нэгдээд хурлыг тараасан байна. Мөн УИХ, Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтжээ. Учир нь барилгын материалаас эхлээд бүх зүйлийн үнэ өсч олдоц муудах нь тодорхой учир цаг алдаж болохгүй гэж үзсэн байна. 

-НЭГ ТОНН УЛААН БУУДАЙН ҮНЭ 800 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСНӨ ГЭСЭН ТООЦООЛЛЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ-

ОХУ, Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалан манайд ирэх хамгийн том хүндрэл газар тариалангийн салбарт гарна. Тодруулбал, улаан буудай, үрийн буудайн олдоц муудаж, үнэ өснө гэж тус хурлыг үеэр ярилцжээ. Өнгөрсөн намар нэг тонн улаан буудайн үнэ 600 мянган төгрөгөөр борлуулагдсан. Харин ирэх намар 800 мянган төгрөг болох тооцооллыг өчигдөр /2022.03.18/ ярьжээ. Украин нь дангаараа дэлхийн улаан буудайн ихэнх хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр ирэх намар Украинаас улаан буудай импортлох боломжгүй болсон. Ингээд ганц ОХУ-аас авах учир үнэтэй байх нь тодорхой болжээ. Нөгөөтэйгүүр улаан буудай, үрийн буудайн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай болсон гэж үзсэн байна. 

Харин шатахууны хувьд ОХУ-д нийлүүлэлтээ зогсоохгүй гэдэг амлалтыг өгсөн байна. Гэхдээ ОХУ-аас импортлодог олон нэрийн бараанд тасалдал үүссэн.

Тэгэхээр хомстол бий болох учир Сангийн яам болон холбогдох газрууд анхаарах ёстой гэж МАН-ын бүлгийн гишүүд энэ үеэр захижээ.

-АРИЛЖААНЫ БАНКУУД ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ДОЛЛАР ГАРАХГҮЙ ХОМСТОЛ БИЙ БОЛГОЖ БАЙГААД Б.ЛХАГВАСҮРЭНГ БУРУУТГАЖЭЭ-

Мөн ОХУ, Украины нөхцөл байдлаас хойш валютын ханш 100 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь арилжааны банкнаас зах зээл рүү ам.доллар нийлүүлэхгүй байгаатай холбоотой. Тодруулбал, арилжааны банкууд 5000-аас дээш ам.доллар зарахгүй байгаагаас шалтгаалан хомстол бий болгож байна. Яагаад ингэж зохиомлоор хомстол бий болгоод байгааг анхаарах ёстой гэснээс гадна зах зээл рүү гарах валютыг нэмэгдүүлэх чиглэлд Монголбанк анхаарч ажиллахгүй хугацаа алдаж байна хэмээн тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг тойрч загнажээ. Ямартай ч нөхцөл байдал хүндрэхээ тэд хүлээн зөвшөөрч ярилцсан энэ аж.