Д.Тогтохсүрэн: Төрийн үйлчилгээний алба хаагчдыг хуучин хэвээр нь ажиллуулахаар болсон

Д.Тогтохсүрэн: Төрийн үйлчилгээний алба хаагчдыг хуучин хэвээр нь ажиллуулахаар болсон

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Өнөөдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээний албан хаагчдын асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2022 оны төсвийг батлахдаа төрийн үйлчилгээний албан хаагч буюу ТҮ1, ТҮ2, ТҮ3 зэрэглэлд ажилладаг албан хаагчдын ажил үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр болсон.

Үүнийг төрийн үйлчилгээний албан хаагчид эсэргүүцсэн. Улсын хэмжээнд 50 орчим мянган төрийн үйлчилгээний алба хаагч байдаг. Үүний 20 гаруй мянга нь боловсрол, бусад нь эрүүл мэнд, соёл, төр захиргааны байгууллагад ажилладаг. Энэ асуудлыг өнгөрөгч нэгдүгээр сард бүлгийн хуралдаанаар хэлэлцээд хуучин хэвээр ажиллуул гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ингээд энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хэлэлцээд 2021 оны түвшинд нь ажиллуулахаар болсон байна. Ингэж ажиллуулахад 25.4 тэрбум төгрөг нэмэлтээр шаардлагатай. Үүнийг Засгийн газар КОВИД-ийн хуулийн дагуу дотроо зохицуулахаар болсныг бүлгийн хурал дээр мэдээлсэн” гэв.