Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнээ чамд хэлье. ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОДОО Л АНХААР

Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнээ чамд хэлье. ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОДОО Л АНХААР

Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбатаас товч тодруулга авсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Нийслэлийн АН-ын үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ?

-Сайн. Сайн байна уу. Нийслэлийн АН түүхийнхээ хамгийн хүнд үеэ туулж байна. Нийслэлийн АН-ын хууль ёсны дарга Э.Бат-Үүлийг эрх баригчид хонгилийн шүүхчдийнхээ тусламжтай хорьчихлоо.  Монголд эрх чөлөөний нар хиртчихсэн байна. Дайн хийж буй Путины оросоос ялгаагүй хагас ардчилалтай улс болж олон улсын хоригт орох нөхцөл бүрдчихлээ. Үүний төлбөрийг МАН төлөх ёстой.

-МОАХ-ын тэргүүн болсон Монголхүүтэй хамт та Орос-Украйны дайныг эсэргүүцэж NO WAR гэсэн уриатай жагсаал зохион байгуулсан. Та Монгол Улс хоригт орох нь гэж та харж байна уу?

-Монгол улс албан бусаар хоригт орчихсон. Та итгэхгүй бол доллар худалдан авах гээд эсвэл гадаад орноос шилжүүлж авах гээд үз. Боломжгүй болсон. Доллар 3500 хүрэх нь цаг хугацааны асуудал.  Оросууд Украйныг эзлэхээр дайн өдүүлж байгааг НҮБ-ын 100 гаруй улс буруушаачихсан. Гаагийн шүүхээр Путин энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхээ зогсоохыг шаардсан тогтоолоо гаргачихсан. Одоо бидэнд хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлстэй хамт байх уу эсвэл нэг том хөршөө дагахуу гэдэг хатуу сонголт ирчихсэн байна. Түүнээс төвийг сахина гээд Оросын цэргийн тусгай ажиллагаа гэж далдуур өмөөрөхийг хэлэхгүй.  Урд хөрш ч ялгаагүй хилээ нээхгүй байна. Улс төр-эдийн засгийн хямрал гарцаагүй боллоо.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хямралын эсрэг Шинэ сэргэлтийн бодлого гэж хөтөлбөр зарласан. Энэ тухайд юу гэж харж байна вэ?

Монголчууд эрчим хүчний тусгаар тогтнолоо одоо болтол хангаж чадаагүй үндэстэн. Үе үеийн ерөнхий сайдууд энэ талаар анхаарч байсан боловч сүүлийн зуун жилд шийдэж чадаагүй. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын Шинэ Сэргэлтийн бодлогыг улс төржихгүй үндэсний эрх ашиг гэдэг талаас нь дэмжих ёстой.  Нэг үеийн залуу хүний хувьд ч тэр. Гэхдээ сүүлийн үед энэ хөтөлбөр таг чиг боллоо. Бодвол залуу ерөнхий сайд маань гадна дотны дарамтанд орсон уу яасан бүү мэд. Бид нам харгалзахгүй эрчим хүчний тусгаар тогтнолоо олж цахилгаан, дэд бүтэц, шатахуун дээр хоёр хөршөөс хараат бус болох ёстой. Хэрвээ Л.Оюун Эрдэнэ Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих шинэ сэргэлтийн бодлогоосоо ухарсан бол тэр огцрох ёстой. Бидэнд аймхай Засгийн Газар хэрэггүй. Үгүй бол бид хямралаас хэзээ ч гарахгүй. 2022 оны 03 сарын 07-ны өдөр болсон МоАХ-ын 5-р Их хурлаар Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Хариуг 03-р сарын 22-нд авна. Шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй бол огцоруулах болно.

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэр ажиллаж байна гэж дүгнэж байна вэ?

-Хэр ажиллаж байгааг би биш зам дээр түгжирч буй жолооч нар, орон сууцжуулах хөтөлбөр нь гацсан гэр хорооллын иргэд, өргөн хэрэглээний барааны үнэ нь өдрөөс өдөрт нэмэгдэж буйд иргэдийн бухимдлыг нуруун дээрээ үүрч буй наймаачдаас асуух хэрэгтэй. Тэд л хотын мэр Д.Сумъяабазар хэр ажиллаж байгааг бодит үнэнээр нь хэлнэ. Сумъяабазар аваргад хотын төвийн хашаа хайстай барилдахаас өөр нийслэлээ бүхэлд нь харах боловсрол ч алга, стратеги ч алга. Э.Бат-Үүлийн хаана ч хүрэхгүй байна. Магадгүй хот тохижилтийн даргыг гаагүй хийж магад юм байна л гэж харж байна. Ядаж л Ерөнхий сайдынхаа Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж хотын хүнд суртлыг арилгах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй ш дээ.

-АН-ын даргын сунгаа гэж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, ерөнхийлөгч асан Х.Баттулга нар хөдөөгүүр яваад байгаа. Нийслэлийн АН дээр ажиллах юм уу?

-Тамгагүй АН буюу ЖАН ийм сунгаа хэддэх удаагаа ч юм бэ хийж байгаа. Хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүй. Зүгээр л сунгаа нэртэй хууль бус акц хийж гарч ирээд одоо намын тамга өг гэж талбай дээр жагсаал хийх бэлтгэл гэж харж байна. Жагсвал МАН айсандаа тамга өгнө гэсэн гэнэн тооцоо. Өөр юу ч биш. Ер нь Ардчилсан нам яагаад хагарал, тэмцэлд хүрсэн талаар ном бичиж байгаа. Удахгүй хэвлэгдэж гарна.

-Ярилцсан танд баярлалаа