ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ: Бид Монгол Улс болон АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй

ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ: Бид Монгол Улс болон АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй

ОХУ-ын Элчин сайдын яам өчигдөр/2022.03.24/ өөрсдийн албан ёсны фейсбүүк хуудастаа "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн мэдээлэл нийтэлсэн.

Тэгвэл Монголын Гадаад харилцааны яам тус мэдээлэлд эсэргүүцэл илэрхийлж, ноот бичиг илгээсэн юм. Мөн өнөөдөр АН-аас ОХУ-ын Элчин сайдын яамыг өөрсдийн бүдүүлэг үйлдэлдээ уучлал гуйхыг шаардсан.

Тэгвэл дөнгөж сая ОХУ-ын Элчин сайдын яамнаас АН-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Монгол Улс, тус улсын Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх гомдлын тань үндэслэлийг бид олж харахгүй байна. Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмээн ардчилсан тогтолцооны зарчмыг дээдэлж, уг зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын улс төрийн нэр хүнд бүхий намууд, тухайлбал, Бүгд найрамдах намын зарим гишүүд Украин Улсыг ардчилсан улс мөн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа явдалд Та бүхний анхаарлыг хандуулах завшаан тохиов. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Оросын талын эрхийг Монголын ардчилагчид хасаагүй гэж найдъя.

Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөх асан Р.Стоун энэ талаар итгэл үнэмшилтэй олон нотлох баримтуудыг дэлгэв. Украин Улсын улс төрийн тогтолцоог тайлбарласан түүний нийтлэл нь Монгол Улс, танай нам аль алинтай ч ямар ч холбоогүй. АНУ-ын улс төрийн зүтгэлтний хэлсэн үг нийтлэснийг Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, Венийн конвенцийг зөрчсөн үйлдэл боллоо гэж юуг үндэслэн дүгнэсэн бол? Дээрх үгэнд ийм зөрчил байгааг нотлох ганц нэг жишээг олж татна уу? Манай яамны үгэнд биш шүү.

Орос Улс, тус улсын эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээг Монголын Ардчилсан намын нэр бүхий гишүүд тэдгээрийн түвшинд үл зохих сонин үгээр тайлбарладаг тул АНУ-ын улс төрчийн дээрх ярилцлагад Та бүхний анхаарлыг хандуулахаар болов.

Элчин сайдын яам монголын ардчилагчдын бодлогын талаар санал шүүмжлэл гаргах нь зохимжгүй гэж бүрэн ойлгож байгаа тул хэзээ ч тийм үйлдэл гаргадаггүй. Гэвч Ардчилсан нам, азаар тус намын бүх гишүүн биш ч гэсэн нэр нөлөө бүхий зарим нь Орос Улс, тус улсын эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээг тайлбарлах эрхтэй мэт дүгнэж, шуугиантай мэдэгдлийг хийдэг болсон.

Ташрамд сануулахад, Хүйтэн дайны дараах үеийн АНУ-ын бүх Ерөнхийлөгчийн бодлогыг «либерал гегемонизм» буюу «либерал ноёрхол» хэмээн үнэлэн тодорхойлсон хүн нь Орос биш, харин Х.Киссинжертэй дүйцэхүйц реализмын чиг баримтлагч Америкийн нэр хүнд бүхий суут эрдэмтэн Ж.Миршаймер бөгөөд америкчуудын хэн нь ч түүнийг дайсагнасан үйлдэл гаргасан, Венийн конвенцийг (Та бүхний ярьж буй энэхүү баримт бичиг нь 1963 оны Венийн конвенц гэж ойлгож байна) зөрчсөн хэмээн буруутгадаггүй.

Эрхэм хүндэт АН-ын удирдлагууд Оросын талын байр суурийг сонсохыг хүсвэл бид Монголын ардчилагчидтай өмнө нь үргэлж тайван, нөхөрсөгөөр уулзаж харилцдаг байсан шигээ дахин уулзаж Орос Улс Украин Улсын хувьд тодорхой арга хэмжээ авах болсон шалтгааныг тайлбарлахад бэлэн байна. Маш үнэмшилтэй, хүндэтгэн гэж үзэхээс өөр аргагүй шалтгаанууд бий дээ. Хэн ч хэзээ ч түр зуурын ашгийг хөөцөлдөж, үндэслэл шалтгааныг үл тоомсорлон цэргийн тусгай ажиллагааг эхлүүлдэггүй юм шүү" гэжээ.