Х.Баттулга өрсөлдөгч Ж.Батсуурийн талаар Дотоод сонгуулийн хороондоо гомдол гаргажээ

Х.Баттулга өрсөлдөгч Ж.Батсуурийн талаар Дотоод сонгуулийн хороондоо гомдол гаргажээ

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нь өрсөлдөгч Ж.Батсуурийн асуудлаар Дотоод сонгуулийн хороондоо гомдол гаргажээ. 

Тэрбээр "АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурь нь АН-ын дотоод сонгуулийн хорооны журмын 10 дугаар зүйлийн 10.4 "Намын эв нэгдлийг хангах үүднээс бусад нэр дэвшигчдийг гутаан доромжлох, нэр хүндэд халдах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргахыг хориглоно" гэж нэр дэвшигчид оногдуулсан үүргийг илтэд зөрчин увайгүй үйлдлийг намын гишүүд сонгогчидтой хийх уулзалт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гаргаж байгаа нь хэрээс хэтэрч байна. 

Тухайлбал нэр дэвшигч Ж.Батсуурь нь орон нутгийн болон нийслэлийн дүүргүүдийн намын гишүүд сонгогчидтой уулзах уулзалтын үед нэр дэвшигч Х.Баттулга руу хэт дайрсан нэр хүндийг нь гутаах гэсэн үг хэлж байгаагаас гадна "Offshore news" гэх хэвлэлийн хуудсыг хэн нэгэн этгээдээс зарим аймгийн Ардчилсан намын гишүүдэд зохион байгуулалттайгаар нууцаар хүргүүлж нэр дэвшигч Х.Баттулгыг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэсэн ноцтой үйлдлийг хийж байгаа нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Энэ үйлдэл нь АН-ын дүрэм , журамд нийцэхгүйгээс гадна намын дотоод сонгуульд нөлөөлөх, эв нэгдлийг бусниулах асар өндөр сөрөг үр дагаврыг дагуулж байна. Иймд АН-ын Үндсэн дүрмийн хорооноос дээр дурдсан үйлдлүүдийг хянан шалгаж, зохих хариуцлагыг хүлээлгэн, АН-ын даргын сонгуулийн үйл ажиллагаа дүрмийн дагуу шударга явагдах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ намын эгэл жирийн гишүүдийн эв нэгдлийг сахин хамгаалахыг хүсье" гэжээ.