Б.Пүрэвдорж: Таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоох хуулийн төслийг хэлэлцэж өгөхгүй бол Г.Занданшатарын тойрог Баянхонгорт жагсана

Б.Пүрэвдорж: Таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоох хуулийн төслийг хэлэлцэж өгөхгүй бол Г.Занданшатарын тойрог Баянхонгорт жагсана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Бидний санаачлан өргөн барьсан Тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо 7 жилийн цалингийн дунджаар биш 5 жилийн цалингийн дунджаар тогтоох хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөөч. Тэгэхгүй бол цалингийн доод хэмжээ хэт бага байгаагаас иргэд маш бага тэтгэвэр тогтоолгох нөхцөл рүү очиж байна.

Хаврын чуулган одоохондоо хэлэлцэх асуудал багатай байгаа байх. Энэ хугацаандаа иргэдийн өмнө маш их тулгамдаад байгаа дээрх асуудлыг яаралтай хэлэлцэж өгөөч, хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч ээ. Нийгмийн даатгалын багц хуулийг энэ хавар хэлэлцэхгүй би баталгаатай мэдэж байна. Тэгсэн ч энэ хуулийн төсөлд чинь тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо 10 жилийн дунджаар гэсэн зүйл орж ирж байгаа. Ингэж ард иргэдийн эсрэг зүйл шийдэж болохгүй. Тиймээс бидний хуулийг яаралтай хэлэлцэхгүй бол, би хэлсэн шүү эхний ээлжид Баянхонгор аймагт буюу Их хурлын даргын тойрог дээр жагсаал зохион байгуулна. Ерөнхий сайдын тойрогт жагсаал зохион байгуулна. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн тойрогт жагсаал зохион байгуулна. Нэлээн хатуухан явна шүү” гэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Б.Пүрэвдорж гишүүн байнгын хороо, холбогдох газраа энэ асуудлаар ярих хэрэгтэй. Хуралдааны дэгээ баримталж ажиллахыг сануулж байна. УИХ-ын дэгийн тухай хуулиар зөвхөн өнөөдрийн хэлэлцэх асуудлыг ярих ёстой. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж батлахаар тусгасан. Үүнийг яаж урьдчилж мэдээд хэлэлцэхгүй гээд байгаа юм. Яахаараа ингэж ганцаараа мэдэмхийрч, том толгойлж ард түмэнд худлаа мэдээлэл өгч, турхирч байдаг юм. Үүнийгээ анхаарч ажиллавал таарна" гэлээ.