Ц.Оюундарь: ХБ-тай нэр холбогдоод буй Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг сайн дураараа шалгуулахыг уриалж байна

Ц.Оюундарь: ХБ-тай нэр холбогдоод буй Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг сайн дураараа шалгуулахыг уриалж байна

Ардчилсан нам цаг үеийн асуудлаар долоо хоног бүрийн Пүрэв гарагт 4/11 ээлжит мэдээллээ хийдэг. Энэ удаагийн мэдээллийг тус намын дэд дарга Ц.Оюундарь, Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар хийлээ.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Манай намын зүгээс дараах гурван шаардлагыг тавьж байна.

  • Нэгдүгээрт,УИХ-ын хянан шалгах түр хороог байгуулах,
  • Хоёрдугаарт,Хөгжлийн банк байгуулагдсанаас хойших арван жилийн үйл ажиллагааны туршид хийгдсэн шалгалтын бүх материалуудыг ил тод болгох. 2016 онд Засгийн газар, Монголбанкны хамтарч хийсэн Хөгжлийн банкны шалгалтын материал л нууцаас гарсан. 2020 оны дөрөвдүгээр сар, 2021 оны долдугаар сард хийгдсэн шалгалтын материалууд нууц хэвээр байна. Тиймээс УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулснаар бүх материалыг ил гаргах хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэж харж байна. Хэрвээ үүнийг санаатайгаар нуун дарагдуулсан байх юм бол “гэмт хэргийг нуун дарагдуулсан” гэх үндэслэлээр тухайн үеийн засгийн газрыг шүүхэд өгөх арга хэмжээг авах болно.
  • Гуравдугаарт,Хөгжлийн банканд нэр холбогдоод буй манай улс төрчид сайн дураараа шалгуулах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Нэр нь холбогдсон бүх хүн сайн дураараа шалгуулах ёстой. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байсан ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ц.Алтанхуяг, О.Сайханбилэг нар хамгийн түрүүнд очиж шалгуулахыг уриалж байна гэв.