НАМЗХ-ны ээлжит бус Их хуралд үе үеийн Ерөнхийлөгчид нь хүрэлцэн ирээд байна

НАМЗХ-ны ээлжит бус Их хуралд үе үеийн Ерөнхийлөгчид нь хүрэлцэн ирээд байна

НАМЗХ-ны ээлжит бус Их хурал хоёр дахь өдрөө Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд болж байна. Их хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх видео мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Намыг дэмжигч залуу гишүүдийн улсын анхдугаар зөвлөгөөн болж, түүнээс МАН-ыг дэмжигч залуучуудын зөвлөл байгуулж байлаа. Зөвлөл маань удалгүй өргөжин 1996 онд “Залчуучууд хөгжил төв” ТББ болсон. Үүний дараа 1997 онд залуучууд маань “Үндэсний хэмжээний холбоо байгуулах нь зүйтэй юм, манай Залуучуудын холбоо өнгөрсөн хугацаанд ийм хэмжээний байгууллага болох үндэс сууриа бүрэн тавьж чадлаа. Тиймээс залуучуудын холбооныхоо хурлыг хийж МАСЗХ гэж байгуулья” хэмээн шийдэж, НАМЗХ-ны анхдугаар чуулганаар энэ холбоо маань үүсгэн байгуулагдсан түүхтэй. Би тэр үед 28 настай байсан. Одоогоос 25 жилийн өмнө Залуучуудынхаа холбооны анхны Ерөнхийлөгч болж өнөөдрийг хүртэл залуучуудтайгаа хамтдаа байгаадаа баяртай байдаг. МАСЗХ буюу өнөөгийн НАМЗХ бол эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэсэн, Социал демократ залуучуудын байгууллага. Өнгөрсөн хугацаанд Монголын нийгмийн улс төрийн систем дотор, Монголын залуучуудын байгууллагын тогтолцоон доторх өөрийн гэсэн орон зайгаа олж авсан, олон мянган гишүүд дэмжигчидтэй болсон байна. Олон улсын Социалитс Залуучуудын холбооны бүрэн эрхт гишүүн байгууллага төдийгүй бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүчирхэг том залуучуудын байгууллага болж өсч, өндийж хөгжсөнд би энэ холбооны анхны Ерөнхийлөгчийн хувьд чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Манай холбоонд мөр зэрэгцэж явсан үе, үеийн залуучууд маань улс эх орондоо хүчин зүтгэж, төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлагийн гайхамшигтай хүмүүс болсон байна. Улс орныхоо улс ардын аж ахуйн салбар, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт манай залуучуудын холбоонд харьяалагдаж залуу насаа зориулж хамтдаа явсан нөхөд маань хүчин зүтгэж явж байгаа. Энэ бол манай залуучуудын байгууллагын нийгэм, улс орондоо оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж бодож явдаг.

НАМЗХ-оор дамжсан хүмүүс олон зүйлийг сурч мэддэг. Мөн олон сайхан найз нөхөдтэй болдог. Өөрийгөө таньж нээдэг. Улс төр, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог ийм сайхан байгууллага. Олон залуучуудыг өсгөж, өндийлгөж, мэдлэг боловсролтой болгож хөгжүүлсэн байгууллага гэж дотроо бодож явдаг. Ингээд НАМЗХ-ныхоо түүхт 25 жилийн ойг тохиолдуулан, энэ холбоонд хүчин зүтгэж явсан үе, үеийн залуучуудад, өөрийнхөө үеийнхэн, өнөөдрийн залуучууддаа, цаашдаа холбоогоо авч явах бүхий л үеийнхээ залуучуудад дахин баярын мэнд хүргэе. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсч байна” гэлээ.

Өнөөдрийн ээлжит бус Их хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Социал демократ Монголын оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэг, НАМЗХ-ны өнөөгийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н. Учрал нар хүрэлцэн ирээд байна.