-МАН-ЫНХАН ЭНД, ТЭНД НУУЦААР УУЛЗАЛДАХ БОЛЖЭЭ-
Намрын чуулганаа завсарлуулаад нам гүм байсан МАН-ынхан ойрмогхон нэлээд бужигнах болсон байна. Хаврын чуулган эхэлмэгц Засгийн газраа хөнтөрнө эсвэл хэд хэдэн сайдаар туг тахина гэсэн битүү бор шувуу өнгөрсөн намраас хойш жиргэсээр л байсан.
Тэр үед нь Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлт, “давхар дээл” ярьж анхаарлыг өөр тийш нь татаж бүр сүүлдээ ганц сайдаа /Н.Уртнасан/ явуулж аргалсан.
Гэхдээ асуудал хурцдах хүртэл “огт тийм зүйл байхгүй” гэж гүрийсээр эцэстээ дэлбэ үсэрдэг нь энэ намын тогтсон жишиг. Харин одоо гүрийх аргагүйгээр тэдний дотоодын тэмцэл хагарал савнаасаа хальж энэ хаврын улс төрөө дийлэх үү, үгүй гэдэг асуудалтай тулгарчээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар “давхар дээл”-тэй сайдынхаа тоог нэмж, сайд болох хүсэлтэй гишүүдийнхээ хүслийг нь биелүүлнэ гэж байсан Засгийн газрынхан бүр сүүлдээ тактикаа өөрчилж Хөгжлийн банкны асуудлаар дээрх гишүүдийнхээ амыг тагласан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны асуудлаар нь болон өөр бусад хэргээр нь барьцаалж, сүрдүүлэн хэсэгтээ тэднийгээ чимээгүй байлгаж буй.
Тэгвэл Засгийн газрын эл үйлдэлд гишүүд нь дургүйцэж зарим нь шүүмжлэлийг сайд нарт ил хаяглаж буй нь сүүлийн үеийн байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаас харагдаж буй. Валютын өсөлт, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тасалдал зэргээс үүссэн нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрснийг МАН-ын зарим гишүүд ийнхүү ашиглаж Засгийн газраа огцруулахаар энд, тэнд нууц уулзалт хийн төлөвлөгөө боловсруулж, гүйлдэж яваа аж.
-ТЭДНИЙ ОРОНД Б.СОЛОНГОО, Ж.ЭРХЭМБАЯР, Б.БОЛОР-ЭРДЭНЭ НАРЫГ НЭР ДЭВШҮҮЛНЭ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА АЖ-
Мэдээж нөгөө талд Засгийн газрынхан зүгээр суухгүй нээнтэглэж болох бүх асуудлаар нь гишүүдээ шахаж, өмнө нь хэрэгт холбогдож байсан хууль бус үйлдэл зэргийг нь сөхөн сайд болохыг хүсэгчдээ “зайлуулахаар” ажиллаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нэр бүхий 10 орчим гишүүнээ асуудлаар нь барьцаалж байгаад 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө явуулахаар төлөвлөж байгаа гэв. Тодруулбал, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Г.Амартүвшин, Г.Дамдинням зэрэг есөн хүнийг дэвшүүлэхгүйгээр тохирч, тэднийг одооноос нэг, нэгээр нь "дарах" ажлыг хийж эхэлжээ. Тэдний тавд нь хариуцлага тооцно гэх мэдээлэл ч байна.
Харин тэдний оронд 80-аад оны залуусыг дэмжиж хуульч Ж.Эрхэмбаяр, О.Батнайрамдал, Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо, Б.Болор-Эрдэнэ, МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга М.Ганхүлэг гэх залуусыг дэвшүүлэхээр ярилцаж байгаа аж. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай нэр холбогдсон зэрэг хууль бус асуудлаар нь барьцаалж 70-аад оны ах нараасаа салах төлөвлөгөөг явуулахаар эрчимтэй ажиллаж байна. Ингэж тэрбээр Засгийн газартаа гал дуудах хүмүүсээ ч холдуулах юм.