Б.Дэлгэрсайхан: Торгуулиа хугацаанд нь төлөөгүй жолоочид хүү тооцох, цаашлаад хорьдог болох хэрэгтэй

Б.Дэлгэрсайхан: Торгуулиа хугацаанд нь төлөөгүй жолоочид хүү тооцох, цаашлаад хорьдог болох хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зөрчлийн тухай хууль бол шинэ хууль биш. Зөрчлийн хууль бол аймшгийн хууль гэдэг ойлголтыг иргэддээ өгчихсөн байна. Зөрчлийн хууль бол нийгэмд дэг журмыг л хамгаалах гэж байгаа хууль. Дүрэмгүй бол цагийн дараа л Улаанбаатар таг зогсож, согтуу яваад л. Бичиг баримттай, баримтгүй бүгд жолоо бариад л хурд хэтрүүлээд л явна. Ингэж амьдрах юм уу. Нийгэмд дэг журам хэрэгтэй. Сахилгагүй хүмүүст хазаар хэрэгтэй. Зөрчлийн хуулийг шүүмжилдэг гол хүмүүс нь танхай жолооч нар. Зөрчлийн хуулиар ард иргэдийг хэдэн тэрбумаар нь торголоо гэдэг. Тийм зүйл байхгүй. Дүрэм зөрчдөг жолооч нарыг л торгодог. Үүнийгээ улам сайн хэвшүүлэх ёстой. Зөрчлийн хуулийг тогтвортой хэрэгжүүлж, дадал болгож байж хүмүүс дүрэм зөрчихгүй хэвшинэ. Хууль санаачлагчдын зүгээс бичиг баримтгүй жолоо барьсан хүмүүсийг торгохгүй, сануулах арга хэмжээ авъя гэж байна. Юун сануулах. Тийм зүйл байхгүй. Харин ч бүүр чангалах ёстой. Энэ хуульд талархмаар заалт ч байна. Явган хүний зорчих замыг халтирч унах материалаар хийсэн бол арга хэмжээ авна гэж заасан байгаа нь сайшаалтай. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд торгуульсан жолооч, иргэн хугацаанд нь төлөөгүй бол цаашаагаа хүү бодогдоод явдаг болгомоор байна. Баруунд ийм жишиг байдаг. Сарын дотор торгуулиа төлөөгүй бол торгууль нь нэмэгдээд байдаг. Жилийн хугацаанд төлөөгүй бол хорьдог ч юм уу. Ийм болгох хэрэгтэй.

Хуулийг хэрэгжүүлэх гэж л бид энд хэлэлцэж байгаа. Гэвч хэрэгжүүлэх арга замыг нь тодорхой болгоогүйгээс торгуулийн олон тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Бид сүүлд нь буян үйлдэж байгаа юм шиг өршөөдөг. Шал утгагүй. Тэгвэл хууль батлахын хэрэг байдаг юм уу. Тиймээс уг нэмэлт, өөрчлөлтөд энэ асуудлыг оруулах хэрэгтэй. Ингэж байж хууль хэрэгжүүлж байгаа нь торгуулиа төлдөг болно. Торгуулиа энэ сард төлөхгүй бол нэмэгдэх нь гэдэг ойлголттой болж байж энэ хууль хэрэгжинэ. Иргэдэд ийм ухамсар суулгахгүй бол хэдэн жилийн дараа, дараагийн Засгийн газар гарч ирээд эсвэл сонгууль болохоор оноо авах гээд өршөөнө гэдэг хүлээлт байгаад байна. Хуулийг ярьж байгаа хүмүүс олон нийтэд таалагдах зүйл яриад байгаа учраас хууль чинь гууль болоод байна. 

Цахим сүлжээнд нэгнийгээ доромжилдог байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид алийн болгон бусдад доромжлуулж байдаг юм. Айж эмээх зүйл байхгүй болсон.