Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсаж байгаа иргэдтэй уулзаж санал, шаардлагыг нь сонссон юм. Мөн тэрбээр иргэдийн асуултад хариулж дараах есөн амлалт өгөв.
Үүнд:
- Жагсаалд оролцоод саатуулагдсан иргэдийг сулласан. Хэрэв худлаа байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
- Өчигдрийн жагсаалтай холбогдсон иргэдэд ямар ч хариуцлага тооцохгүй.
- Өгсөн шаардлагын дагуу хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Үүнд иргэдийн зүгээс ажлын хэсэг гарган хамтарч ажиллаж болно.
- Яг өнөөдрийн жагсаалаас гарсан шаардлагыг хүлээж аваад зөвхөн тэр шаардлагын төлөө Засгийн газар хуралдана. Үүнд иргэдийн төлөөллийг оролцуулна.
- Авлигын эсрэг тууштай тэмцэнэ. Ордонд хүч мөхөствөл иргэдэд асуудлыг бодитойгоор мэдэгдэнэ. Худлаа ярихгүй. Чадаж байгаа болоод чадахгүй байгаагаа үнэнээр хэлнэ.
- Ялын бодлогыг чангатгах асуудлыг ярьсаар ирсэн. Үүнийг ирэх долоо хоногийн лхагва гараг /2022.04.13/-т Засгийн газрын хурлаар оруулаад УИХ-д өргөн барина.
- УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох хуулийн заалтыг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.
- 30 жилийн авлига хүнд суртлын гинжийг таслахын төлөө өөрийнхөө бүхий л амьдралыг зориулна гэдгээ тангараглав
- Засгийн газар үнийн хөөрөгдлийг барихын тулд хууль санаачлан УИХ-д өргөн барьсан хууль батлагдвал үнийг тодорхой хэмжээнд барих мөнгөний бодлого хийнэ.