ТОЙМ: Хоёр өдрийн жагсаалыг Л.Оюун-Эрдэнэ урд өмнө байгаагүй хандалттай хэвлэлийн хурал болгож, овжин ашиглав

ТОЙМ: Хоёр өдрийн жагсаалыг Л.Оюун-Эрдэнэ урд өмнө байгаагүй хандалттай хэвлэлийн хурал болгож, овжин ашиглав

Үнийн өсөлтийг эсэргүүцэж "Ажлаа хий, Өөрсдөө хэмнэ" лоозонтой жагсаалд оролцсон залуусын эхний өдрийн жагсаалыг цагдаагийн алба хаагчид хүчээр тараасан үйл явдал энэ сарын 08-ны өдрийн /2022.04.08/ өглөө 04.00-05.00 цагт болсон. Гэсэн ч залуус жагсаалыг дуусгалгүйгээр үргэлжлүүлж, өчигдөр /2022.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, Засгийн газар тэдний тавьсан шаардлагын дагуу ээлжит бусаар хуралдаж, орой /2022.04.08/ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалд оролцож байгаа иргэдтэй Соёлын төв өргөөнд уулзана гэж байсан ч түүний төлөвлөгөө өөрчлөгдөж, Сүхбаатарын талбайд уулзалтаа хийв. Харин тэрээр жагсагчдад мэдээлэл өгөхдөө өмнө нь ярьдаг л байсан ялангуяа өнгөрсөн Мягмар гаригт /2022.04.05/ хийсэн хэвлэлийн хурал дээр ярьсан зүйлээ асуудлуудаа дахин ярьж, өөрийн бодлого шийдвэрээ залуучууд танилцуулж, боломжийг “овжин” ашиглав.

Жагсаалд оролцож байгаа иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзав. 2022.04.08

Тухайлбал түүний ярианы ерөнхий агуулга:

  • Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, намын гишүүдтэйгээ улс төрийн хариуцлага хүлээлгэнэ. Хөгжлийн банктай холбогдсон нэр бүхий улс төрчид түдгэлцээд шалгуулах ёстой. Шалгуулаад буруугүй бол буруугүйгээ тодорхой болго. Буруутай бол ялаа авах ёстой. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар өөрөө гаргаж ирсэн.
  • Эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт бусад асуудлууд биднээс бус коронавирусийн халдвар, ОХУ, Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой. Хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүний хязгаарлалт болон хоёр хөрш хилээ хаасантай холбоотой. Иймд үнийн өсөлттэй холбоотойгоор Засгийн газраас хууль боловсруулж УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдсанаар 1000 төгрөгөөр нэмэгдэж шатахуун үнийг тогтвортой барих нөхцөл үүснэ. Зөрүүг нь төсвөөс төлнө. Хууль батлагдсаны дараа чадах зүйлээ хийнэ.
  • Өнгөрсөн 30 жилийн хугацааны авлигалын гинжийг тасдана. Би дуустлаа авлигатай тэмцэх болно. Амь насаа ч хайрлахгүй тэмцэнэ. Анхан, дунд, дээд түвшин дэхь авлигал, хүнд сурталтай тэмцэнэ.
  • Нөхцөл байдал цаашид ч хүндэрнэ.
  • Шаардлагатай зээл тусламжийг өгнө. Тээвэр логистикийн шинэ замыг нээнэ.

гэж өөрийн барьж буй бодлого шийдвэрээ танилцуулав. Мөн тэрээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас “гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль болон Авилга, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барина хэмээж парламентаар хэлэлцүүлэх асуудлаа “хурдан галт тэрэг”-нд суулгаад авав.

Харин түүний Сүхбаатарын талбайд цугласан иргэдийн өмнө хийсэн мэдээлэл урд хожид байгаагүй өндөр хандалттай байв. Тодруулбал, нэг facebook шууд дамжуулалтын үзэлт 20-40 мянгад хүрч байлаа.

Жагсаалд оролцож байгаа иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзав. 2022.04.08 

-ГАЛЫГ ӨӨРТӨӨ АВЧ, УУР АМЬСГАЛЫГ ЗӨӨЛРҮҮЛЭЭД Л ТӨГСГӨВ -

Товчхондоо, тус уулзалтыг том зургаар нь дүгнэвэл залуус асууж Л.Оюун-Эрдэнэ хариулсан “хэвлэлийн хурал”-тай зүйрлэхээр байв. Ингэхдээ өмнө нь ярьсан зүйлээ л ярьсан. Хамгийн чухал нь ойлголцох, шийдэлд хүрэх, ажил хэрэг болгох байсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусыг хамт ажиллахыг урьж, шаардлагын хүрээнд байгуулсан Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэгт орохыг хүсэв. Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнийн энэхүү уулзалт нь галыг өөртөө авсан, иргэдийн бухимлыг зөөлрүүлсэн уулзалт болов гэж харагдав. 

Жагсаалд оролцож байгаа иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзав. 2022.04.08