Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Байнгын хорооны дарга, сайд нартай уулзаж байна.
Энэ үеэр тэрбээр “Өчигдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид гурав Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд уулзаж, өнгөрсөн хоёр хоногт болсон жагсаалын хүрээнд ард иргэдийн тавьсан шаардлагын талаар ярилцсан. Өнөөдөр ажлын өдөр болж байгаа учраас та бүхэнтэй уулзъя гэж бодлоо. Бид нар ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг ийм л байдалтай байна гэж би харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа гадаад, болон дотоод нөхцөл байдлын талаар ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээврийн асуудал, бензин, шатахуун гэх мэт холбогдох асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байна, чухал мэдээлэл өгч байгаа шүү гэж та бүхэнд сануулж хэлж байсан. Сануулж хэлж, ажлаа сайн хий гэж хэлээд байхад өнөөдрийн нөхцөл байдалд тулж байна. Дэлхий ертөнцийн нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байна.
УИХ, Засгийн газар ажил төрлөө сайтар нягталж, харилцан уялдаа холбоотой ажлаа сайжруул. Хурдан шуурхай арга хэмжээ ав. Дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил.
Шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хий. Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Нэн ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүч, өргөн хэрэглээний бараануудын үнийн өсөлтийн асуудал байна. Хүнсээ гаднаас авмааргүй байна. Дотооддоо хүнсний хэрэгцээгээ хангадаг болмоор байна. Өөрсдийн гэсэн нефть, шатахуунтай байх маш чухал. Өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэртэй байх маш чухал юм гэдгийг цар тахал, дайн тулаан ч харууллаа. Мөн ард түмэнд нөхцөл байдлын талаар үнэнийг хэлж байх шаардлагатай байна. Чадах юмаа чадахаараа хэл. Бодит мэдээлэл, байгаа нөхцөл байдал, хөрөнгө мөнгөө үнэнээр нь хэл. Тэгвэл ард түмэн ойлгоно. Энэ талаар бодож үз. Хэрэгцээгүй бүх зардлуудаа тана. Шаардлагагүй хөрөнгө оруулалтаа бүгдийг нь тана” гэв.
ҮЗЭХ: