Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж саналаа хэллээ.
Тэрбээр "Тэтгэвэр тогтоохдоо 7 жилийн цалингийн дунджаар биш 5 жилийн цалингийн дунджаар тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардсан. УИХ-ын дарга чиглэл өгөхдөө байнгын хороон дээрээ хэлэлц гэсэн. Би МАН-ын гишүүн биш. Танай намын бүлгээрээ юу хэлэлцсэнийг би дагах шаардлагагүй. УИХ-ын гишүүн хууль өргөн барьсан бол тэр хуулийг нь хэлэлцүүлэх ёстой. Тиймээс ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч гэж хүсэж байна. Хэрэв ирэх долоо хоногийн жагсаалтад оруулахгүй бол УИХ-ын даргын Баянхонгор аймагт жагсаал зохион байгуулна. Хэрэв арга хэмжээ авахгүй бол Ерөнхий сайдын Хэнтий нутагт жагсана. Бүх аймагт жагсах болно" хэмээлээ.
Хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Үүний дараа Тагнуулын байгууллагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ.