Чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж, эцэслэн баталлаа. Хуралдааны дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл хийв.
Тэрбээр "Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ өнөөдөр баталлаа. Одоогоос долоон жилийн өмнө 2015 онд Зэвсэгт хүчний жанжин штабын үндсэн бүтцэд цэргийн тагнуулын газар ажиллаж байсан. Гэтэл энэ бүтцийг Тагнуулын төв газар руу шилжүүлсэн гажуудлыг энэ хуулиар зассан.
Учир нь Зэвсэгт хүчний, цэргийн мэргэжлийн тагнуулын тогтолцоо алдагдаж, тагнуулын мэргэжлийн боловсон хүчний залгамж халаа алдагдсан. Буруу шийдвэрийг засах зайлшгүй шаардлага байсан. Харин өнөөдөр УИХ үүнийг залрууллаа. Зэвсэгт хүчин цэргийн удирдлагын дээд байгууллага атлаа долоон жилийн турш цэргийн тагнуулгүй байсан. Энэ нь өөрийн нүдгүй, чихгүй болсонтой адилхан үйл явдал байсан юм. Хууль батлагдсанаар ЗХЖШ-ын үндсэн бүтцэд Цэргийн мэргэжлийн тагнуулын нэгжийг шинээр байгуулж, Засгийн газрын шийдвэр гарна.
Бүх нэгтгэл анги салбарууд дээр тагнуулын мэргэжлийн албад байгуулагдаж, мэргэжлийн албан тушаалтнууд томилогдоно. Тэд ҮАБЗ, төр засгийн удирдлагуудыг олон улсын цэрэг, улс төрийн нэн шаардлагатай мэдээллээр хангах үйл ажиллагаа хуулийн дагуу явуулах үүрэг хүлээнэ. Энэ хууль зэвсэгт хүчний хөгжилд шинэ хуудас нээнэ гэдгийг онцлон тэмдэглье" гэлээ.
Мөн тэрбээр "Бид долоон жилийн турш цэргийн тагнуулуудаа өөр анги нэгж рүү шилжүүлэх гэх мэт арга хэмжээ авсан ч хүний нөөцийн бодлого алдагдаж, энэ орон тоо буурсан. Тиймээс богино хугацаанд энэ алдааг залруулж, арга хэмжээ авна. Цэргийн тагнуулын албагүй байна гэдэг нь улс эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдалд ямар нэг хохирол учирсан бол бид цэргийн тагнуулгүй байсныхаа горыг амсах байсан. Энэ төрлийн тагнуулууд бүс нутаг, олон улсын цэрэг улс төрийн мэдээллийг олж авах, үнэлэлт дүгнэлт хийх үүрэгтэй байгууллага. Гэтэл төрийн өндөрлөгүүдийг нэн шаардлагатай мэдээлээр хангах тогтолцоо алдагдсан. Энэ бол мэргэжлийн үйл ажиллагааны том доголдол. Хууль батлагдснаар үүнийг залруулж байгаа юм. Тагнуулын Ерөнхий газрын бүтцэд байгаа Цэргийн тагнуулын алба тоног төхөөрөмж, хүн хүчтэйгээ ЗХЖШ-ийн бүтцэд шилжин ирнэ" гэлээ.