Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
Тэрбээр “Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар төсвийн хэмнэлтийн тухай энэ асуудлыг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн. Төсвөөс цалинждаг бүх байгууллагуудад энэ хууль хамаарна. Уг хуулиар дараах асуудлуудыг зохицуулна.
- Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дээр дэд захирал болон шаардлагагүй албан тушаалуудыг хуулиар хязгаарлана. Нэг үгээр хэлбэл төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал бие дааж шийдвэр гаргах боломжгүй болно гэсэн үг.
- Төрийн өмчит 39 аж ахуй нэгжийг бид олон нийтийн шууд хяналтад оруулахаар 34 хувийг IPO гаргах асуудлыг УИХ-д оруулахаар тогтсон.
- 10 орчим компанийг нэгтгэн нийлүүлнэ,10 орчим компанийг татан буулгана.
Мөн хот суурин газарт том оврын автомашиныг хэрэглэхийг хуулиар хязгаарлана. Том оврын автомашиныг зөвхөн Засгийн газрын авто бааз гэж яриад буй бүтцийг төрийн байгууллагын авто бааз болгох байдлаар нэгдсэн зохицуулалт хийж, хөдөө явж буй автомашиныг зөвхөн дуудлагаар авна. Цаашлаад төрийн байгууллага таксины үйлчилгээ авах, аль нэг ААН-тэй хамтарч ажиллах байдлаар төр үе шаттай машинаас татгалзах асуудлыг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн олон нийтийн дунд маргаан дагуулдаг тухайлбал, гар утасны зардал төлөгддөг эсэх асуудлыг хуулиар зохицуулна. Зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг гаргахгүй байх, бэлэг авах, гадаад дотоод томилолттой төрийн байгууллагын алба хаагчид бизнес ангиллаар зорчих гэх мэт асуудлыг хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл, аль ч шатны төрийн алба хаагч энгийн ангиллаар зорчино. Хүсвэл өөрөө нэмэлтээр зардлаа гаргаад явж болно. Энгийн ангиллаар зорчихдоо үндэсний авиа компанийг эхэнд нь тавина гэсэн чиглэлүүд байна” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: