Х.Баттулгыг бүртгэхгүй бол “АН-ыг татан буулгасан” гээд МНН дээр “Монголын ардчилсан холбоо эвсэл” байгуулж 2024 оны сонгуульд орно гэжээ

Х.Баттулгыг бүртгэхгүй бол “АН-ыг татан буулгасан” гээд МНН дээр “Монголын ардчилсан холбоо эвсэл” байгуулж 2024 оны сонгуульд орно гэжээ

“АН-ын даргыг тодруулах сунгаанд Х.Баттулга 113 мянган тус намын гишүүдийн саналыг авч, 96,3 хувиар ялалт байгууллаа” гэж мэдэгдсэн. Харин энэхүү тоон мэдээлэл үнэн, худал эсэхийг isee.mn сайт бие даан шалгах боломжгүй байгаа юм.

Улмаар энэ сарын 07 /2022.04.07/-ны өдөр АН-ын ээлжит бус Их хурал болж, “Х.Баттулгыг тус намын даргаар батламжилж” шийдвэрлэсэн бол, тус шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр одоогоос яг долоо хоногийн өмнө /2022.04.07/ Улсын дээд шүүхэд хандсан. Энэ үеэрээ “Х.Баттулыг АН-ын даргаар бүртгэхгүй бол АН-ын олон гишүүд шүүх дээр өөрсдөө ирнэ. Жагсана” гэх утгатай УДШ-ийн шийдвэрт нөлөөлөх зорилготой байж болзошгүй үгийг зарим нь хэлж байв.

С.Эрдэнэ нараас ирүүлсэн АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн тухай УДШ-ийн мэдээлэл. 2022.03.31

-“БЯМБА ГАРАГТ БОЛСОН ҮБХ-НЫ ХУРАЛД ОРОЛЦООГҮЙ” ГЭХ ГАРЫН ҮСГИЙГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ-

Тэгвэл “Х.Баттулгыг АН-ын даргаар УДШ бүртгэхгүй” бол, түүний улс төрийн үйлдэл, акц хэрхэн үргэлжлэх нь олон хүний анхаарал татаж байгаа юм. Учир нь С.Эрдэнэ нарын мэдүүлсэн АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар сарын 31 /2022.03.31/-ны өдөр УДШ бүртгэсэн нь албан ёсны АН-ын тамга, шийдвэр гаргах эрх түүнд байна гэж дүгнэхэд хүргэсэн.

Мөн дээрх дүрмийн өөрчлөлтөд “АН-ын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ мөн” гэсэн заалт орсон аж.

Иймд С.Эрдэнэ нар өнгөрөгч Бямба гараг /2022.04.16/-т АН-ын ҮБХ-г хуралдуулж, Х.Баттулгыг тодруулсан сунгаа, батламжилсан Их хурлыг хүчингүйд тооцож энэ тухай тайлбараа өчигдөр /2022.04.19/ УДШ-д хүргүүлжээ. Харин нөгөө талаас ҮБХ-ны зарим гишүүд рүү утасдаж, “бямба гарагт болсон ҮБХ-д оролцоогүй” гэсэн гарын үсгийг нь цуглуулж эхэлжээ.

ҮБХ-ны хуралд оролцоогүй гэх гарын үсэг цуглуулж байгаа талаараа Х.Баттулгыг дэмжиж буй тал дараах мэдээллийг facebook хуудастаа нийтэлжээ. 

Учир нь УДШ “улс төрийн намын үүсгэн байгуулсан баримт бичигт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх” материалыг хүлээж аваад 14 хоногт багтааж, нийт шүүгчийн бүрэлдэхүүнтэй хурлаар “хэлэлцэх эсэх”-ээ шийддэг байна. Тэгвэл “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг хэлэлцэх тухай" шийдвэрээ ирэх долоо хоногийн Лхагва гараг /2022.04.27/-т шүүхээс гаргах аж.

-МОНГОЛЫН НОГООН НАМ САНАЛЫН ХУУДСАНД ГУРАВДУГААРТ БИЧИГДДЭГ БАЙНА-

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх материалын бүрдүүлбэр дутуу, эсвэл хууль бус” гээд “хэлэлцэхгүй” УДШ-ээс буцаах магадлалтай байгаа аж. Харин Х.Баттулга үүнийг урьтал болгож, УДШ-ийн гадна олон хүн цуглуулж жагсаал хийхээр төлөвлөж байж магадгүй.

Нөгөө талаар Х.Баттулгыг батламжилсан АН-ын Их хурлыг хаалгүй, түр завсарлуулсан аж. Учир нь Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол тус Их хурлыг дахин хуралдуулж, “АН-ыг татан буулгасан” гэх шийдвэрийг гаргуулж, нийгэмд өгөөд дараагийн улс төрөө хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал, тэрээр “АН-ыг татан буулгасан” гэх мессэж, пиарыг нийгэмд өгөөд улмаар “Монголын ногоон нам” /МНН/ нэр дээр “Монголын Ардчилсан холбоо эвсэл”-ийг байгуулж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоор төлөвлөжээ. Учир нь Монголын ногоон нам /МНН/-ын үүсгэн байгуулагдсан огноогоор МАН, АН-ын дараа гуравдугаарт “саналын хуудас” дээр бичигддэг, мөн Монголын Ардчилсан холбоо ТББ-ын Х.Баттулга өөрөө удирддаг байна. Иймд АН-ыг татан буулгасан тохиолдолд МНН саналын хуудасны хоёрдугаарт бичигдэх, эсвэл АН татан буугдсан гэх мессэжийг өгөхөөр төлөвлөж байж болзошгүй байгаа аж.

Улс төрийн намын жагсаалт. Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Харин АН-аас Монголын Үндэсний ардчилсан нам, ШИНЭ нам, Иргэний зориг ногоон нам гээд 12 улс төрийн нам гарч байсан ч, гишүүд нь АН-даа үлддэг байна.