Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, УИХ-аас баталсан Төсвийн тодотгол, Мөн Америкийн нэгдсэн улс, Оросын Холбооны Улс, Бүгд найрамдах Хятад ард улсад суугаа бүрэн эрхт элчин сайдуудын асуудлаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу: Төсвийн тодотголд онцын шаардлагагүй Шигихутуг, Нууц товчоо, Их засаг, Их хуралдай гээд олон тэрбумын төсөв хэвээрээ байна лээ. Мөн дээрээс нь хүн бараг явдаггүй сумд руу хэдэн зуун тэрбум төгрөгөөр зам барих төсөв хэвээрээ байна. Гэтэл Дарханы замыг засаж чадахгүй хэдэн жил болж байна вэ? Энэ бол стратегийн ач холбогдолтой зам. Энэ замын эвдрэлээс болж хүнс барааны үнэ өсөж байна.
Энд тэнд эмнэлэг сургууль барьж байгаа нь зөв. Гэхдээ зөвхөн цөөн хэдэн дарга нарын тойргийн сургуулиудад төсвийн 70-80 хувийг тавьжээ. Ингэж ард иргэдээ алагчилж болохгүй. Хүүхдүүд аль тойрогт төрснөөсөө болоод сургууль, цэцэрлэггүй байх нөхцөл үүсэж байна. Төсвийн тодотгол шударга болж чадсангүй.
Ардчилсан намын хуулийн зөвлөх О.Баасанхүү: Биологийн зэвсэглэлийн асуудал яригдсан. АНУ-ын эрдэмтэн, доктор юм уу ямар нэг хүн гарч ирээд “Ийм зүйл байхгүй. Монголчуудыг битгий дээрэлхээд бай” гэж хэлэх боломж байсан. АНУ-д суугаа Элчин сайд нэг эрдэмтний байр суурийг дамжуулчхаж болох л байлаа. Гэтэл АНУ-д суугаа Элчин сайд вино судлаач, аялагч л байгаа. Гадаад бодлогоо ийм муу авч байж яаж манай улс сайжрах вэ. Гадаад бодлогын хүмүүсээ сольж, сайдаа огцруул. Оронд нь тавих хүн алга уу. Бидэнд хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байдаг бололтой. Энийг хурдан шийд. Шатахуун, барааны үнэ өсөөд л байна.