Өнгөрсөн гуравдугаар сард АН-ын даргыг сонгох сунгаа болж Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшин өрсөлдсөн. Харин сунгааны өмнөхөн Улсын дээд шүүх С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авснаар нэр дэвшигч, Ж.Батсуурь нэрээ татаж Х.Баттулга ганцаараа санал хураалтад оролцсон юм.
Тодруулбал, санал хураалтын өмнөх өдөр нэр дэвшигч Ж.Батсуурь мэдээлэл хийж “С.Эрдэнэ нарын мэдүүлсэн АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн учраас нэрээ татаж байна” хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Түүнээс хойш олон процесс болж, асуудлууд үүсч буй. Эдгээр асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.
ВИДЕО:
-Х.БАТТУЛГАД ТИЙМ ОЛОН МЯНГАН ГИШҮҮН САНАЛАА ӨГСӨН ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ-
-Та нэрээ татсан шалтгаанаа тодорхой тайлбарласан. Гэхдээ өөр шалтгаан үнэхээр байгаагүй гэж үү. Яагаад эцсийг нь үзэлгүй замын дундаас сунгааг орхисон юм бэ. Таныг нөгөө талтайгаа тохирсон байсан гэх хардлага ч гарсан. Бүр зарим нь увайгүйтлээ гэсэн?
-Гуравдугаар сарын 11-ны өдөр Дотоод сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэх сүүлийн өдөр байсан. Миний хувьд хамгийн эхэнд бүртгүүлснийг мэдэж байгаа байх. Олон хүн бүртгүүлнэ гэх сураг чимээ байсан. Гэтэл экс Ерөнхийлөгч бүртгүүлсэн. Харин өөр хүн бүртгүүлээгүй. Ингээд халз таарсан. Дунд үеийн залуус, шинэ үеийнхэн намыг удирдахаар бүртгүүлэх байх, оролцох байх гэсэн бодол байсан. Тэгээд гуравдугаар сарын 16-аас эхэлж Монгол орноо бүтэн тойрлоо. Гишүүдтэйгээ уулзаж мөрийн хөтөлбөр, бодлого зорилтоо ярьсан. Би хүчирхэг Ардчилсан намыг бий болгохын төлөө гишүүн төвтэй, үүр, анхан шат төвтэй, сум, аймаг төвтэй түүнийгээ дагасан эдийн засгийн боломжийг нь олгосон, ахмад дунд үе, залуус, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарч байх ёстой гэж үздэг. Ингэж байж Ардчилсан нам хүчирхэг болно гэж боддог. Лидер дагаад хөгжихгүй юм байна гэдгийг өнгөрсөн 32 жилийн түүх харуулна. 32 жилд найман сонгууль болоход ялж үзээгүй. Харин хоёр сонгуульд нь олуулаа болсон.
Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд болоогүй зүйл 33 дахь жилдээ болж бүтнэ гэдэгт эргэлзэж байна. Ардчилсан нам тав, зургаан фракцтай. Энэ фракцууд бие, биенээ хүлээн зөвшөөрдөггүй учраас Засаг төрд ороод учраа олдоггүй, амжилтад хүрдэггүй.
Миний хувьд хамтын удирдлагын системээр “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг ойлголтыг ярьж явсан. Нөгөө хүн бол /Х.Баттулга/ лидер дагах талаар ярьсан.
Харин би энгийн гишүүдээсээ эхлээд хүчирхэг байх ёстой гэсэн. Ийм боломж бий. Хамгийн гол нь зохион байгуултад орж чадахгүй байгаа юм. Өнөөгийн эрх баригчид нийгмийн 40 хувийн дэмжлэг авч байна. Үлдсэн 60 хувь нь энэ хүмүүсийг дэмжихгүй байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн саналыг Ардчилсан нам авах боломжтой. Энэ хүмүүс яагаад Ардчилсан намыг сонгохгүй байна вэ гэвэл лидер дагаад байгаатай холбоотой. Хэрвээ бодлого гаргаад бүгдээрээ хэлэлцээд олонхийн шийдвэрээ дагаад явбал Ардчилсан нам дороо босоод ирнэ. Заавал улс төсөв, том мөнгө ярихгүйгээр татварын зөв хуваарилалт шударга зөв байж, томилгоо зөв эрэмбэтэй байвал болно.
Тэгэхгүй дарга, лидер төвтэй болчихоод Алтай хязгаар, Өмнийн говь, Хөвсгөлийн тайга дахь хүмүүсийн хүсэл зоригийг үл хамаараад хэнийх нь ч хүсээгүй хүмүүсийг дэвшүүлэхээр ялагдахгүй яах юм бэ. Бид 76 хүний олонх болох гээд байгаа шүү дээ. Үнэхээр тачигнасан 76 хүн гарч ирээд гал гарсан тулаан хийвэл Ардчилсан нам ялна. Тэгэхгүй “Би Эрдэнээг дэвшүүлнэ. Би хэнийг дэвшүүлнэ” гэж яриад бүр нөгөө намтайгаа хуйвалдаад “Би чамд дүлий цэрэг дөрвийг өгчихье” гэж тохироод байвал явахгүй. Би үүний эсрэг шинэчлэлийн төлөө нэр дэвшсэн. Ингээд сурталчилгаагаа хийгээд ирсэн өдөр буюу гуравдугаар сарын 31-ны өдөр Дээд шүүх өөр дүрмийг баталсан. Тэр дүрэмд сунгаа гэж байхгүй талаар бичсэн байгаа. Би хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж буй УИХ-ын гишүүн. Тэгэхээр Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж санал хураалтад орох боломжгүй шүү дээ. Ингээд л нэрээ татсан. 2017 онд Дээд шүүхээр батлагдсан дүрмийн дагуу би нэр дэвшсэн. Намаа хүчирхэг болгох, ялах итгэл үнэмшил байсан. Гэхдээ Дээд шүүх бол Дээд шүүх.
Санал хураалтаас нэрээ татсанаас хойш миний сунгаа дуусгавар болсон. Цаашид миний нэрийг оролцуулах эсэх нь хамаагүй. Тэр Дотоод сонгуулийн хорооны асуудал. Надаас хамаарахгүй асуудал.
-С.ЭРДЭНИЙН ТАЛД ГҮЙЖ ОЧООД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ-
-Ардчилсан намын 150 гаруй мянган гишүүний 113 мянга нь нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжсэн гэсэн. Үүнийгээ 96.3 хувийн санал гэж хэлсэн. Энэ өөрөө хэр бодитой тоо вэ?
-Өнгөрсөн жил О.Цогтгэрэл дарга, Амартүвшин гээд таван хүн сунгаанд нэр дэвшсэн. Бүгдээрээ штаб байгуулаад санал цуглуулахад нэг нэр дэвшигч нь нэг дүүрэгт 1500, 4000 орчим гишүүний санал авсан. Тэгэхээр сая нэг хүнд тийм олон мянгуулаа өгсөн юм уу бүү мэд. Дотоод сонгуулийн хороо, Намын хяналтын хороо, Дүрмийн хороо мэдэх байх. Миний хувьд сонирхоогүй. Логикийн хувьд тав хүн нийлээд авсан саналаас илүү санал авсан. Гэхдээ энэ зөв буруу нь надад хамаагүй.
-Одоо процесс яаж үргэлжлэх вэ. Х.Баттулгыг Дээд шүүхэд бүртгүүлнэ гээд хэсэг бүлэг хүмүүс яваад байна. Дээд шүүх Х.Баттулгыг бүртгэх болов уу.
-Далайсан хуулийн дор бөхийсөн иргэн гэж үг бий. Миний хувьд бүртгэхгүй гэдэг итгэл үнэмшилтэй байна. Цаг хугацаа харуулна. Нэг их удаад байхгүй байх.
Экс Ерөнхийлөгчийг бүртгэхгүй бол миний үйлдэл 100 хувь байсан гэдгийг харуулна. Бүртгэх боломж одоогоор харагдахгүй байна. Бүртгэх юм юм бол... мэдэхгүй байна.
Дээд шүүхийн мэдэх асуудал байх. Дээд шүүхийн бүртгэсэн дүрэмд намын даргын сунгаа хийх талаарх агуулга байхгүй. Гэтэл Х.Баттулга бид хоёр сунгаанд орчихсон. Тэгэхээр байхгүй зүйлийг бүртгэх үгүй нь Дээд шүүхийн мэдэх асуудал.
-Цаашид Ардчилсан намын нөхцөл байдал яахаар байна вэ?
-Хүн оролцох ёстой. Олонхоо дагах ёстой. Ардчиллын зарчим энэ. Хүчирхэг Ардчилсан намыг байгуулахын төлөө би оролцсон. 2024 онд ялъя гэж зорьсон. Би Сүхбаатар аймагт таван удаа ялсан. Иргэдийн хүссэн ажлыг хийсэн. Үргэлжлүүлээд хийсэн. Энэ нь хүмүүст таалагддаг юм. Тэгэхээр иргэдийн хүсэлд тултал ажиллах ёстой. Хүсээгүй ажлыг хийж улсын хөрөнгө шамшигдуулж, дарга төвтэй болгох, иргэнийг үнсэнд хаясан хачиг шиг байлгаад байвал ялалтыг авахгүй. Сүүлдээ хуурамч сонгуулийн аргаар ялж сураад байна.
Тухайлбал, намаа гурав дараалан сонгуульд ялагдуулсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд захиалгаар ороод цагаан хуудасны ард эрэмбэлэгдэж байна. Ийм байхаар чинь Ардчилсан нам ялахгүй. Нөгөө намынхантай өрсөлдөх хүн Ардчилсан намд өчнөөн бий. Ядаж ялдаггүй юмаа гэхэд гурав, дөрөвт орохгүй байхгүй юу даа. Үүнийг хэн нэг нь хэлэх ёстой. Би парламентад суудалтай намын гишүүний хувьд намын даргын УИХ-ын гишүүн байх ёстой гэж үздэг. Энэ утгаараа өнгөрсөн жил О.Цогтгэрэлийг дэмжсэн. Энэ жил О.Цогтгэрэлийг нэрээ татсан учраас би нэрээ дэвшүүлсэн.
-Дээд шүүх хүлээн зөвшөөрч буй талдаа цуглахад ямар асуудал тулгараад байгаа юм. Х.Баттулга гэдэг хүнийхээ хийгээд буй үйлдлийг яаж үргэлжилнэ гэж та харж байгаа вэ?
-Хэлж, мэдэхгүй байна. Хууль дүрэмтэй тал гэж С.Эрдэнээгийн талыг хэлээд байна уу. С.Эрдэнээ чинь намайг хөөчихсөн. Өнгөрсөн жил Ганибал гишүүн бид хоёр хөөсөн шүү дээ. Хүн хөөчхөөд байхад би тэнд давхиж очоод байх шаардлагагүй. Миний зорилго нэгтсэн, хүчирхэг Ардчилсан намыг байгуулах. Үүнийгээ ардчилагчдаар өргөтгөх бодолтой байсан. Түүнээс биш С.Эрдэнэ, Х.Баттулгын хэн нь байх нь надад огт хамаагүй. Энэ хүмүүсээс өөр бодлого хэрэгжүүлье л гэсэн бодолтой байсан. С.Эрдэнэ намаа сонгуульд ялагдуулчхаад хариуцлагаа хүлээгээд огцрохгүй байна.
Харин Х.Баттулга нь УИХ, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа намын гишүүдээ бөөгнүүлж чадаагүй. Ийм байж энгийн гишүүн болчхоод намын гишүүдээ бөөгнүүлнэ гэхэд итгэл үнэмшил төрөөгүй. Тиймээс би нэрээ дэвшүүлсэн. Миний хувьд эрх ашгийн зөрчил үгүй. Энгийн ардчилагч. Хар буруу ажилд оролцож байгаагүй. Ялалтын түүхтэй хүн учраас түүнийгээ том намд хэрэгжүүлье гэсэн бодолтой байсан. Түүнээс өөр бодол үгүй, аль нэг талд орох ч үгүй.
-Ярилцсанд баярлалаа.