ВИДЕО: 5,3 тэрбум төгрөгөөр улсад “ШАХСАН” эко автобуснуудын ихэнх нь эвдэрч, ЗАСАХ БОЛОМЖГҮЙ “хог” болжээ

ВИДЕО: 5,3 тэрбум төгрөгөөр улсад “ШАХСАН” эко автобуснуудын ихэнх нь эвдэрч, ЗАСАХ БОЛОМЖГҮЙ “хог” болжээ

Хотын дарга Д.Сумъяабазар 2,5 тэрбум ам.долларын зээлээр Улаанбаатар хотод Light Rail Transport” /LRT/ буюу Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг барина гэсэн ч УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар дэмжигдэлгүй, ширүүхэн маргаан, талцал үүсгээд буй.

Ерөөс үе үеийн хотын дарга, эрх баригчдын сонгуулийн шоу, PR-ийн гол сэдэв нь замын түгжрэлийн асуудал байсаар удав. Хотын удирдлага солигдох бүрд нийтийн тээврийн шинэчлэлт, хөгжүүлэлтийн талаар шинэ бүтээн байгуулалтын “бахархмаар” төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ амладаг ч бодит ажил болсон нь өдрийн од мэт ховор, ард иргэд хууртагдаад өнгөрдөг. Үүний нэг жишээг бид энэ удаагийн сурвалжилгаараа хөндлөө.  

ВИДЕО: 

-ТЕНДЕРТ ЯЛСАН БАЙГУУЛЛАГУУД ХҮРТЭЛ ХЯТАДААС “СЭЛБЭГИЙГ НЬ ХАЙГААД ОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА” ГЭСЭН МЭДЭГДЛИЙГ БИЧГЭЭР ИРҮҮЛЖЭЭ-

2015 онд “Монгол инженерүүд өөрсдийн гараар эко автобус бүтээлээ” гэх мэдээ хэвлэлүүдээр цацагдаж, иргэд тун сайшаалтай хүлээн авч байв. Нийт 20 ширхэг эко автобусыг 5.3 тэрбум төгрөгөөр “Экобус” ХХК үйлдвэрлэн улсад хүлээлгэн өгчээ. Гэвч өнөөдөр 5.3 тэрбумаар улсад худалдсан 20 ширхэг автобусны ихэнх нь ашиглалтаас гарч “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хашаанд хог болоод “хэвтэж” байна. Учир нь автобуснууд эвдэрч, сэлбэг нь дотоодоос байтугай гадаадаас эрээд олохгүй байгаа аж.  Биднийг “Зорчигч тээвэр-3” дээр очиход хашааных нь нэг хэсэгт эвдэрч, тоос, шороондоо дарагдсан ногоон автобуснууд дүрээрээ угтав.

Автобуснууд хэзээнээс эвдэрсэн, засаж янзлах боломж байгаа эсэх талаар бид тус газрын Техник, технологийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер Р.Баясгалангаас тодруулахад “Нийтийн тээврийн салбарт 2015 онд Монголд үйлдвэрлэсэн 20 ширхэг автобус нийлүүлэгдсэн. Үүнээс өнөөдөр өдөр тутам 2-5 автобус л шугаманд гарч байна. 20 автобуснаас 15 нь үндсэндээ явахгүй байгаа. 11 нь огт явах боломжгүй болсон. Засъя гэсэн ч сэлбэг, материал нь олддоггүй, нийлүүлэгч, үйлдвэрлэгч нь тодорхойгүй байдаг. Сэлбэг, материал нь эдийн дугааргүй, олон улсад бүртгэгдсэн ямар ч зүйл байхгүйгээс олдохгүй байгаа. Манайх тендерээр сэлбэг материалаа авдаг. Тендерт ялсан байгууллага маань хүртэл “Хятадын зах зээлээс хайгаад танай сэлбэгийг олж чадахгүй байна” гэдэг мэдэгдлийг бичгээр бидэнд ирүүлсэн” гэсэн юм.

20 ширхэг автобус нийлүүлснээс одоогоор есийг нь актлаад байгаа аж

Олон улсаас нийлүүлэгдэж буй цахилгаан автобуснууд таван жилийн баталгаатай ирдэг аж. Таван жилийн баталгааныхаа хүрээнд тухайн автобусыг засах инженер техникүүдийн ажилчид, засварчдыг ч сургаж бэлтгэдэг. Гэтэл эко автобусанд ямар нэгэн баталгаа байхгүйн дээр ажилчдыг ч сургаж бэлтгээгүй аж. Өөрөөр хэлбэл, “үндэсний үйлдвэрлэл” гэх нэрээр чанаргүй автобус  үйлдвэрлэн улсад өгч, мөнгөө аваад эргэж харахгүйгээр алга болжээ.

-“ЭКОБУС” ГЭХ КОМПАНИ ТАНИЛ ТАЛААРАА УЛСАД ЧАНАРГҮЙ АВТОБУС НИЙЛҮҮЛЭН, “ШАХАА” ХИЙСЭН ҮҮ-

Эко автобуснуудыг оношилгоонд оруулахад тэнцдэггүй. Тодруулбал, оношилгооны стандарт ч хүрдэггүй, дүүрэн хүн суулгахад өгсүүр газар ч явж чаддаггүй талаар албаныхан хэлж байлаа. Тийнхүү “Экобус” ХХК чанаргүй 20 ширхэг автобусыг улсад худалдсаныхаа дараахан дахин хоёр ч цахилгаан автобусыг нийлүүлжээ. Гэвч зургаан сар ч хүрэлгүй мөн л эвдэрсэн гэсэн мэдээлэл байна. Үүгээр ч зогсохгүй тухайн үед эко автобуснуудаас хувийн зорчигч тээврийн нэг ч компани худалдан аваагүй аж. Учир нь яг тийм загварын автобуснууд урд хөршид хоёр дахин бага үнэтэй байжээ. Энэ бүхнээс “Экобус” гэх компани “Монголд үйлдвэрлэв” гэх нэрээр халхавч хийж Хятадаас хямд сэлбэг оруулж ирэн ашиглалтын шаардлага хангахгүй, чанаргүй автобус угсарч улсад өндөр үнээр “шахаа” хийсэн байж болзошгүй гэх  хардлага төрж байгаа юм.

Эко автобус. 2022.04.25




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө