Францын “Мэйханэ” хамтлаг монгол шүлгүүдээр дуу зохиож, шинэ цомогтоо оруулжээ

Францын “Мэйханэ” хамтлаг монгол шүлгүүдээр дуу зохиож, шинэ цомогтоо оруулжээ

“World music” урсгалаар туурвидаг “Мэйханэ” хамтлаг дөрвөн монгол шүлгээр дуу зохиож шинэ цомогтоо багтаажээ.

Францын Buda Musique лэйблээр гарч буй энэхүү цомог зургаадугаар сарын 10-нд Парист нээлтээ хийж олон улсад цацагдах аж. Яруу найрагч Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын шүлэг ийнхүү олон соёлын нэгдмэл шинжтэй өвөрмөц дуу бүтээгээд байна.

Эдгээр шүлгийг Парисын Дорно дахины их сургуулийн багш, орчуулагч Ш.Номиндарь сонгож орчуулснаар өрнө дорнын гурван улсын соёл шингэсэн дөрвөн дуу ийнхүү төржээ.

Франц, Иран хөгжимчдөөс бүрдсэн “Мэйханэ” хамтлагийн онгод бүтээлийн эх нь европ, монгол, иран ардын хөгжим юм. Чавхдаст хөгжмийн эгшиг нь Азийн тал хээр, Андалүзийг санагдуулан дуурьсдаг бол цохивор хөгжмийн хэмнэл нь перс уламжлалд суурилдаг аж.

Шинэ цомгийнхоо дуунуудад тус хамтлаг Персийн сонгодог яруу найрагч Хафез, грек суутан Яннис Ричосын шүлгүүдийг сонгосон байна.

Ташрамд дурдахад, 1993 онд гарсан “Enigma” хамтлагийн “The Cross of Changes” цомог анх удаа монгол дууны үг аялгууг дэлхийн хөгжимд түгээсэн гэж болно.

“Алсын газрын зэрэглээ”, “Тосонгийн оройгоор” дуу алдарт хамтлагийн уран бүтээлд багтсан байдаг. 

ВИДЕО: