Наадмаар барилдах эрхгүй Улсын гарьд М.Бадарч тэргүүтэй 23 бөхийн нэрсийг танилцууллаа

Наадмаар барилдах эрхгүй Улсын гарьд М.Бадарч тэргүүтэй 23 бөхийн нэрсийг танилцууллаа

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэм, мөн Үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын дагуу эрх хасах, эсхүл түр түдгэлзүүлэх шийтгэл хүчин төгөлдөр байгаа үндэсний бөхийн тамирчдын жагсаалтыг танилцууллаа.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 28.3.1-д Допингийн эсрэг үндэсний байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа ил тод тайлагнахаар, 28.3.2-т олон улс, тив, дэлхийн болон дотоодын спортын тэмцээн, наадамд оролцох тамирчдад допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тус тус заасан. Түүнчлэн хуулийн 28.3.6-д Допингийн эсрэг үндэсний байгууллага нь үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, шийтгэл ногдуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зохицуулсан байдаг.

Мөн Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тамирчин болон холбогдох допингийн эсрэг байгууллагад зохих мэдэгдэл хүргүүлсний дараа допингийн эсрэг дүрэм зөрчсөн тухай мэдэгдэл хүлээн авсан тамирчин, илэрсэн хориотой бодис, хориотой арга, зөрчлийн нөхцөл байдал, зөрчлийн шинж чанар, түүнчлэн тухайн тамирчинд түр түдгэлзүүлэх шийтгэл ногдуулсан талаар олон нийтэд мэдээлж болохоор тусгасан. Иймд хавсралтад дурдсан, эрх хасах эсхүл түр түдгэлзүүлэх шийтгэл нь хүчин төгөлдөр байгаа үндэсний бөхийн тамирчид 2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхгүй болохыг анхаарна уу. Жагсаалтыг 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар гаргасан бөгөөд тус жагсаалтад зөвхөн хүчин төгөлдөр шийдвэрээр эрх хасагдсан болон түр түдгэлзүүлсэн шийтгэлтэй тамирчид орсон. Шийдвэр өөрчлөгдөх, хүчингүй болох, эсхүл шийтгэлийн хугацаа дууссан тохиолдолд мэдээллийг тухай бүр шинэчилнэ гэж мэдээллээ.

May be an image of text