Ард иргэдээ “доромжилж” ханадаггүй дарга нарын балгаар Дарханы замын ажил ГУРАВ дахь жилдээ сунжирч, "там" болсон замд иргэд хохирч байна

Ард иргэдээ “доромжилж” ханадаггүй дарга нарын балгаар Дарханы замын ажил ГУРАВ дахь жилдээ сунжирч, "там" болсон замд иргэд хохирч байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн 200 гаруй км замын бүтээн байгуулалтын ажил энэ жил дөрөв дэх зунтайгаа золгох гэж байна. 2019 оны зургадугаар сард уг авто замын эхний хоёр эгнээг шинэчлэхээр хааж, мөн оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж байв. Харамсалтай нь ажиллах хүч хомс, цар тахал, нэг компанид хоёр багц олгосон зэрэг асуудлаас болж замын ажил аль хэдийн гурван зуныг өнгөрөөв.

Энэ хооронд тус замаар зорчсон цөөнгүй иргэн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирсон харамсалтай хэргүүд гарсан. Мөн нөгөө талаар байгаль орчин ч ихээхэн сүйдэж байгаа юм. Иймээс Isee.mn  сайтын  баг Дарханы замд ажиллаж, өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.

ВИДЕО: 

-“ТАМ” МЭТ АЙМШИГТАЙ ЗАМД ИРГЭД ЭД, ХӨРӨНГӨ, ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААРАА ХОХИРЧ БАЙНА-

Улаанбаатар хотоос хөдлөн 30 минут хэртэй давхиж байтал огцом донсолгоо ихтэй шороон зам руу орчихсон нь алдарт Дарханы зам гэдэг нь андашгүй байв. Замын ихэнх хэсэгт хоёр талаар нь ил хайрга, чулуу овоолчихсон байлаа. Хаа нэг хүнд даацын авто машин дайралдах ч замын ажил эхэлсэн гэх шинж алга. Бид донсолгоо ихтэй замаар 1 цаг гаруй давхиж байтал нэгэн иргэний машин эвдэрчихсэн зогсож байв. Тус иргэнээс замын нөхцөл байдлын талаар асуухад “Машины жанамны ремен тасарчихлаа. Илүү ремен авч явж байсан тулдаа машинаа засаад цааш хөдлөх гэж байна. Ер нь Дарханы замд их л бэлтгэлтэй явахгүй бол горгүй. Би энэ замаар бараг сар болгон зорчдог. Гурван жил гаруй хугацаанд ийм аймшигтай замаар зорчиж байна. Өнгөрсөн жил шөнө явж байгаад замын том нүхээс болоод осолд орсон. Азаар гэмтэл, бэртэл авалгүй гайгүй өнгөрсөн. Өнөөдөр эхнэр, нялх хүүхдээ энэ замаар авч явахаас айгаад вагоноор явуулчихлаа” гэсэн юм. Энэ бол энгийн нэгэн жишээ. Тус замд зорчдог олон мянган иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч ирсэн. Үүгээр ч зогсохгүй эрдэнэт хүмүүний амь ч эрсэдсэн цөөнгүй жишээ бий.

Тодруулбал, 2019-2020 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 30 гаруй иргэн амиа алдаж, нийт 140 гаруй осол бүртгэгдсэн байдаг. Харин өнгөрсөн онд нийт 88 осол, аваар бүртгэгдэж, найман хүн амь насаа алджээ.

Донсолгоон дундуур гурван цаг гаруй “сэгсчүүлсээр” Баруунхараа өнгөрлөө. Гэсэн ч зам аймшигтай хэвээр. Үүний хажуугаар байнгын өтгөн тоос манарч, амьсгалахад тун хэцүү байв. Замд хоёр, гурван малчин айл таарав. Малчид маш аюултай орчинд амьдарч байгаагаа хэлж, зун тоосжилт одоогийнхоос аймшигтай болдог. Оройн цагаар өрх, хаалгаа ч онгойлгож чаддаггүй талаараа бидэнд ярьсан юм. Тийнхүү бид Дарханд ирж, 21:00 цагийн орчимд Улаанбаатар руу буцахаар болов.  Гэвч шөнө Дарханы зам яг л “там” мэт болдог аж. Учир нь өтгөн манарсан тоосонд дунд зам огт харагдахгүйн дээр урдаас хэзээ мөдгүй машин гараад ирэх юм шиг санагдаж байв. Тийнхүү айдаст автсан дөрвөн цаг арайхийн өнгөрсөн юм. Монголын хамгийн том хоёр хотыг холбосон зам нь “там” болжээ. Там мэт замаар иргэд арайхийн зорчиж байна.

-АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖИЛТ ОЛГОСООР БАЙХАД ХАРИУЦЛАГАГҮЙ ДАРГА НАРЫН БАЛГААР 200-ХАН КМ ЗАМЫН АЖИЛ ГУРВАН ЖИЛ СУНЖРАВ-

Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд санхүү мөнгөний асуудал саад болоогүй. 2019 онд эхлүүлсэн тус замын бүтээн байгуулалтын нийт өртөг 60 сая ам.доллар. Үүний 58.5 сая ам.долларыг Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая долларыг буцалтгүй тусламжаар тавих байв. Тийнхүү гаднаас санхүүжилтийг нь олгосоор байхад хариуцлагагүй эрх мэдэлтнүүдийн балгаар замын ажил гурван зун дамнан сунжрав. Ерөөс их хэмжээний санхүүжилттэй бүтээн байгуулалтын цаана авилга, албан тушаалын гэмт хэрэг нуугдаж байдаг нь Монголд “ёс болсон” гэлтэй. Үүнийг Дарханы замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой авилга, албан тушаалын гэмт  хэргүүд ч нотолно. Жишээ дурдахад, 2019 оны сүүлээр Зам тээврийн яамны хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Оргил-Эрдэнэ Дарханы замын ажилд гүйцэтгэгчээр оролцогч БНХАУ-ын компаниас 20 мянган юанийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан.

Уг хэрэг 2020 онд шүүхээр шийдэгдэж түүнийг долоон сая төгрөгөөр торгон, нийтийн эрхэнд томилогдох эрхийг нь 5 жилээр хасаад өнгөрсөн байдаг. Дарханы замын бүтээн байгуулалтын цаана иргэдэд мэдэгдэхгүй өнгөрсөн энэ мэт авилга, албан тушаалын гэмт хэрэг  хэчнээн байгаа бол.

Монголын дарга нарын авилга, албан тушаалын гэмт хэргийн нэгэн том балаг нь Дарханы зам болоод байна. Хэрэв Азийн Хөгжлийн банкнаас орж ирсэн санхүүжилтийг зөв зарцуулж, анхнаасаа туршлагатай компаниар замын ажлыг гүйцэтгүүлсэн бол, салбар яамны эрх мэдэлтнүүд хариуцлагатай ажилласан бол Дархан-Улаанбаатар чиглэлийн 200-хан км авто зам гурван зун биш гурван сарын дотор дуусчих байлаа.