ШУУРХАЙ: "Монгол Улсын ЗУРГААН Ерөнхийлөгчийн уулзалт"-ыг У.Хүрэлсүх Их тэнгэрт өчигдөр хийжээ

ШУУРХАЙ: "Монгол Улсын ЗУРГААН Ерөнхийлөгчийн уулзалт"-ыг У.Хүрэлсүх Их тэнгэрт өчигдөр хийжээ

Өчигдөр /2022.05.06/ төрийн гурван өндөрлөг амьдардаг тусгай хамгаалалттай газар болох “Их тэнгэрийн ам”-нд анхаарал татсан, ач холбогдол өндөртэй уулзалт болсон талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. 

Тодруулбал, Сүүлийн 30 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2022.05.06/ зохион байгуулж, өөрөө оролцжээ. Харин тэдний уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд болон гаднын өөр хэнийг ч оролцуулаагүй байна. Харин зургаан Ерөнхийлөгч оролцсон тус уулзалтаар чухам юу ярилцсан нь тодорхойгүй байна. Ямартай ч Монгол Улсын өнөөгийн байдал, ирээдүйн талаар ярилцсан нь дамжиггүй юм. 

Мөн эх сурвалж, “Өчигдөр Ерөнхийлөгч нарын уулзалтад П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар бүгд оролцсон. Уулзалт Их тэнгэрийн ам дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэрт болсон. Уулзалт болсон өрөө рүү төрийн үйлчилгээний хүмүүсээс бусдыг хэнийг ч оролцуулаагүй. Тэднийг дагалдан ирсэн цөөн хүмүүс бүгд гадаа хүлээсэн. Уулзалт нэлээн удаан үргэлжилсэн” гэсэн юм. 

Харин isee.mn сайт тус мэдээллийг бие даан, өөр эх сурвалжаас баталгаажуулж чадаагүй байна. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлнэ. Түүний үг ч дээрх уулзалттай уялдаж, чиглэгдэж ч магадгүй юм.