Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглосон хуулийн төслийг санаачилжээ

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглосон хуулийн төслийг санаачилжээ

Нийслэлд бүртгэгддэг хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг автомашины эд анги тэр дундаа аккумулятор, толь, купер, баттерэйн хулгай эзэлдэг. Харин сүүлийн үед “Приус” машины нүүрсэн яндангийн хулгай их гарах болсон. Нэг янданг 200 мянган төгрөгөөр худалдаж аваад 400-600 мянган төгрөгөөр дамлан зардаг хэсэг бүлэг этгээдийг баривчлан шалгаж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байсан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт автомашины катализатор буюу нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тогтоолын төсөл санаачилжээ.

Тогтоолын төсөл 2 зүйлтэй. УИХ-ын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт нэмэлт оруулж, автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглохоор тогтоолын төсөлд тусгасан байна.

Нийслэл хотын хэмжээнд тоёота приус маркийн 133.235 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Цагдаагийн байгууллагад сүүлийн 4 жилийн байдлаар автомашины зөөлөн яндан алдагдсан дуудлага, мэдээлэл 892 бүртгэгдсэн бөгөөд 2021 онд 129, 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 19 гэмт хэрэг байна.