Б.Баярбаатарыг Солонгосоос ирсний дараа Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Б.Баярбаатарыг Солонгосоос ирсний дараа Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Өнгөрсөн сард /2022.04.25/ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх  саналыг УИХ-д оруулсан. 

Гэвч УИХ-аас тус дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл УИХ-аас дээрх гишүүдийг хамгаалж үлдсэн ч МАН-аас боломж үзүүлэхгүй нь тодорхой болжээ.

Тодруулбал, МАН-ын шинэ дүрмээр:

  • 34.6 дараах тохиолдолд Хяналтын Ерөнхий Хорооны тогтоолоор гишүүнчлэлийн эрхийг хугацаатай болон хугацаагүйгээр түдгэлзүүлнэ.
  • 34.6.3. авлигын гэмт хэрэгт холбогдсон гэж маш тодорхой тусгасан.

Үүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч маш тодорхой тайлбарлаж “Хэрвээ Хөгжлийн банктай холбогдсон гишүүдийг хуулийн байгууллага албан ёсоор татаж шалгаж эхэлбэл МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Намын дүрэм маш тодорхой байгаа” гэж мэдэгдсэн. 

Тэгэхээр уг дүрмийн дагуу Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн хувьд яллагдагчаар татагдсан учир шууд намын гишүүнээс түдгэлзүүлэхээр байгаа юм. 

Тэгвэл МАН дээрх гурван гишүүндээ хэзээ хариуцлага тооцож, намаас нь "хөөх" талаар эх сурвалжаас тодруулахад "МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар ар гэрийн асуудлаар Солонгост байгаа. Удахгүй Монголд ирнэ. Ирэхээр нь дээрх гурван гишүүнийг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа. Тун удахгүй хэлэлцэнэ. Хэлэлцээд хариуцлага тооцож түдгэлзүүлнэ" гэлээ.