Б.Жавхлан: “Самурай” бондыг төлж чадахгүй бол ХБ-ийг дампууруулахаас гадна олон улсын зах зээлд Монголын асуудал яригдана

Б.Жавхлан: “Самурай” бондыг төлж чадахгүй бол ХБ-ийг дампууруулахаас гадна олон улсын зах зээлд Монголын асуудал яригдана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банк /ХБ/-наас хуримтлуулсан хөрөнгөөр “Самурай” бондын эргэн төлөлтийг хийхээр болсон талаар бид мэдээлсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээл, бусад зээл хэрхэн төлөгдөж байгаа талаар мэдээллүүдийг танилцууллаа. Нэгдүгээр сарын 20-оос хойш өнөөдрийг хүртэл ХБ-ны чанаргүй зээл 201 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Мөн "Кью Эс Си" компаниас өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөг төлнө гэж бидэнд мэдэгдсэн. Ингээд үндсэндээ 260 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн эх үүсвэр бий болно. Засгийн газар Хөгжлийн банкны асуудалд нэгдүгээр сараас хойш онцгой анхаарал хандуулсан нь тус банкан дээр байгаа дараа жил төлөгдөх хоёр бондын асуудлаас үүдэлтэй.

"Евро" бонд 2023 оны 10 дугаар сарын 23-нд төлөгдөх 500 сая ам.доллар, одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөг. Мөн 2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх 30 тэрбум иен буюу "Самурай" бонд байна. Өнөөгийн ханшаар 713 тэрбум төгрөгийн өр байгаа. Энэ хоёр өрөөс бид онцгой анхаарах ёстой нь "Самурай" бонд. Учир нь Засгийн газрын баталгаатай.

Хэрвээ ХБ өөрөө төлж чадахгүйд хүрвэл үүнийг бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө. Энэ хэмжээний дарамт төсөв дээр буюу татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэсэн үг. Ийм эрсдэлтэй тулахгүйн тулд энэ оны нэгдүгээр улирлаас  хуримтлагдаж ирсэн чанаргүй зээлүүдийг маш яаралтай төлүүлэх шаардлага бий болсон.

12 дугаар сарын 31-ний тайлан, баланс аудитлагдах ёстой. Энэ аудитаар хэрэв тайлан, баланс муу гарвал тус банкийг татан буулгах, дампууруулах хэмжээнд очно. Хэрвээ бид амжилттай чанаргүй зээлээ барагдуулж, тайлан балансаа сайжруулж чадвал 2023 онд дахин санхүүжүүлэх ёстой "Евро" бонд амжилттай хийнэ. Мөн "Самурай" бондоо хугацаанд нь төлж чадна. Хөгжлийн банкнаас “Самурай" бондоо өөрөө төлж чадахгүй бол энэ зөвхөн Хөгжлийн банкны дампуурал биш, энэ олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрын асуудал үүснэ" гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: