Т.Доржханд: УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн тогтолцоог шийдье гэдэгт санал нэгдсэн

Т.Доржханд: УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн тогтолцоог шийдье гэдэгт санал нэгдсэн

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог болгох агуулгаар Үндсэн хуулийн цэцэд хандсаны зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага тавьсан. 

Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт "Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" гэх эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Тэрбээр уг асуудлаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, "Энэ хугацаанд бид 21 аймаг, 9 дүүргээр явж иргэдтэйгээ уулзлаа. Яагаад бид тогтолцоогоо өөрчлөх ёстой, парламентын ардчиллыг бэхжүүлэх ёстой юм, яагаад сонгуулийнхаа хуулийг өөрчилж холимог системээр явуулах ёстой талаар иргэдтэй ярилцсан. Иргэд маш их дэмжиж байна. Нийт 100 мянган иргэний саналыг сонсож гарын үсгийг нь цуглууллаа. Энэ гарын үсгийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгсөн. УИХ-ын даргын хувьд маш гайхаж, хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Мөн хууль журмын дагуу сонгуулийн тогтолцоог болон эдийн чухал асуудлыг шийдээд явья гэдэгт санал нэгдсэн. энэ бол баяртай мэдээ. Шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулаад өгнө гэсэн.

Бид иргэдэд Үндсэн хуулийг өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн системийг өөрчлөх талаарх ойлголт, мэдээллийг өгөхөд маш сайн ойлгож, дэмжиж хүлээн авсан. 

Тэгэхээр УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хэлэлцэж өөрчлөх нь зүйтэй. Маш богино хугацаанд буюу 7 хоногт 100 мянган иргэний гарын үсгийг цуглууллаа" гэлээ.  

ВИДЕО: