ЗАСГИЙН ГАЗАР: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

ЗАСГИЙН ГАЗАР: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар дурджээ.

Мэдээллийн дараа Засгийн газрын хуралдаанаар циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх стратеги, бодлогыг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт хангасан болгон сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосон байна.

Харин “Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах, хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Соёлын сайдын танилцуулгад дурдсанаар, өнөөдрийн байдлаар Монгол Улсад циркийн урлагийн салбарт:

  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 29 байгууллага,
  • 1200 уран бүтээлч, гадаад улсад гэрээгээр ажиллаж буй 650 орчим уран бүтээлч,
  • Мэргэжлийн сургуульд суралцагч 64 оюутан,
  • 15 багш, дасгалжуулагч ажиллаж байна.

1970-2007 он хүртэлх хугацаанд Монголын цирк 10 гаруй цогц үзүүлбэр, амьтны үзүүлбэр, агаарын болон шидэлттэй үсрэлт, тулах тэнцвэр зэрэг хүч тамирын шилдэг үзүүлбэрүүдтэй, урын сангийн баяжилттай байсан бол өнөөдрийн байдлаар 5 хүрэхгүй төрлөөр үзүүлбэрээ бэлтгэн хөгжүүлж байна. Мөн 2018-2021 онд 37 үзүүлбэр, уран бүтээлийг 22 удаагийн тоглолтоор 20007 хүнд, 2022 оны байдлаар Монгол бөхийн өргөө болон Буянт-Ухаа цогцолборын байранд 2 уран бүтээлийг 12 удаагийн тоглолтоор 100 гаруй мянган үзэгчид хүргэжээ.

2022 оны байдлаар Хөгжим Бүжгийн Коллежид 64 оюутан суралцаж байгаа бөгөөд тус сургуулийн боловсон хүчин бэлтгэх хүчин чадал нь манай улсын циркийн урлагийн салбарт шаардлагатай байгаа хүний нөөцийг хангахгүй байгаа юм байна.

 




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө