З.Мэндсайхан: Банканд хураагдсан 12 мянган тонны зоорь байгааг би Засгийн газарт танилцуулсан /ВИДЕО/

З.Мэндсайхан: Банканд хураагдсан 12 мянган тонны зоорь байгааг би Засгийн газарт танилцуулсан /ВИДЕО/

Нийгмийн даатгалын сангийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбум төгрөгөөр хүнсний ногооны зоорь худалдан авахаар судалж байгаа.

Ингэхдээ нийслэлчүүдийн төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Чингис хаан банкны хүнсний ногооны зоорийг нийслэлийн өмчит авах асуудлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам буюу З.Мэндсайхан сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Монголбанк хөрөнгийг нь гаргахаар тохиолцсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/.

ВИДЕО:

Тэгвэл уг асуудлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа. Тэрбээр "Засгийн газрын тогтоол тэмдэглэл дээр ямар нэгэн 25 тэрбум гэсэн тоо байхгүй. Засгийн газар намар нарийн ногооний болон хүнсний хомсдол үүсэхэд эрсдэлээс сэргийлсэн тогтвортой нөөцийн хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар би өөрөө ажилласан. Энэ ажлын хүрээнд хүн амын хүнсийг тогтвортой хангахад агуулах зоорь хэрэгтэй гэдэг асуудал гарч ирсэн. Гэхдээ худалдаж авах шийдвэр гараагүй, Засгийн газрын тэмдэглэл дээр л яригдсан. Ажлын явцад Монголбанканд хураагдсан агуулах байгааг тус банкны мэдэгдлийн дагуу олж мэдсэн. Энийг нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулахад ашиглаж болох эсэхийг судлах танилцуулгыг би өөрөө хийсэн. Харин үүнийг судлахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон. Тэрнээс биш 25 нь тэрбум гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Төсвийн тодорхойлолтыг харж болно. Ямар ч ийм асуудал байхгүй" гэлээ. 

З.Мэндсайхан сайд ярианыхаа эхэнд "Би үнийн дүнг нь мэдэхгүй. Би энэ асуудлыг оруулаагүй" хэмээн асуудлыг өөрөөсөө холдуулсан. Гэсэн ч тэрбээр "Засгийн газар дээр хүнсний хангамжийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр танилцуулга хийсэн. Тэрхүү танилцуулгынхаа хүрээнд банканд хураагдсан 12 мянган тонны хүнсний ногоо хадгалах зориулалттай агуулах байгаа юм байна. Үүнийг цаашаа нийслэлчүүдийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээнд нөөц бүрдүүлэх чиглэлд ашиглаж асуудлыг судлаарай гэсэн" хэмээн Засгийн газарт Чингис хаан банкны зоорийг худалдан авах асуудлыг оруулсан болохоо хүлээн зөвшөөрөв.

Бид ч өмнөх мэдээлэлдээ Чингис хаан банкны зоорийг худалдан авах асуудлыг Засгийн газарт оруулсан эрхэм нь ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан гэдгийг тодотгосон. Харин уг зоорийг өртөг нь 25 тэрбум төгрөг гэдгийг НДЕГ-ын дарга Д.Зоригт онцолсон байдаг юм. 

Ямартай ч Чингис хаан банкнаас 25 тэрбум төгрөгөөр зоорь худалдан авах асуудлыг Засгийн газарт танилцуулж, судлах асуудлыг З.Мэндсайхан сайд оруулж ирсэн болох нь ийнхүү илчлэгдэв. Харин 6 тэрбум төгрөгийн өртөгтэй зоорийг 25 тэрбумаар худалдаж авах эсэх асуудал одоогоор эцэслэгдээгүй, судалгааны төвшинд явж байгаа аж.