САНГИЙН ЯАМ: Зээлийн хүүгийн төлбөрт хоногт 2.5 тэрбум төгрөг төлдөг бол 2023 онд 560 тэрбумын буцалтгүй тусламж авна гэж төсөөлж байгаа

САНГИЙН ЯАМ: Зээлийн хүүгийн төлбөрт хоногт 2.5 тэрбум төгрөг төлдөг бол 2023 онд 560 тэрбумын буцалтгүй тусламж авна гэж төсөөлж байгаа

УИХ-ын өнөөдрийн /2022.05.26/ нэгдсэн чуулганы хуралдаанаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ -ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Миний асуух асуулт энгийн. Өнөө өглөө иргэнээс ирсэн мессеж миний асуулттай уялдаж байгаа юм. Монгол Улсын нийт гадаад өр болох 33 тэрбум ам.долларын өдрийн хүү хэд байдаг вэ. Засгийн газрын өрөнд хоногт төлж буй хүү хэд байна вэ. Иргэд өрөнд баригдаж, өтөнд идэгдлээ гээд санаа зовоод байна л даа. Бидэнд гарц байгаа болов уу гэж л санаа зовж байна л даа хөөрхий. Хоёрдугаарт, буцалтгүй тусламж хэрхэн авахаар тооцож, ажиллаж байна вэ. Төсвийн байнгын хорооны дарга ОУВС-гийн талаар түгшүүртэй зүйл хэлсэн шүү дээ. Гуравдугаарт, ажилгүйдлийг төсөвтэйгээ хэрхэн уялдуулах юм бэ. Ирэх онд буцалтгүй тусламж хэрхэн орж ирэх вэ. Энэ чиглэлд яаж анхаарч ажиллаж байна вэ" хэмээн асуусан юм.

Сангийн яамны ажлын хэсгийнхэн хариулахдаа "Зээлийн хүүгийн төлбөрт 2022 онд 907 орчим тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнийг 365 хоногт хуваавал хоногт 2.5 тэрбум төгрөг төлж байгаа. Энэ нь зөвхөн Засгийн газрын хувьд. Нийт өрөндөө Монгол Улс өдөрт 10 тэрбумыг төлдөг гэсэн тооцоо байгаа. Эцсийн мэдээллийг Монгол банкнаас гаргана. 2023 онд 560 тэрбумын буцалтгүй тусламж авна гэж төсөөлж байгаа. Зээлийг дагаж орж ирдэг буцалтгүй тусламжийн хэлбэр бий. Өөрөөр хэлбэл гадаад зээлийнхээ хөнгөлөлтийн түвшинг бууруулж, Засгийн газрын зүгээс нийгмийн шинж чанартай зүйлд буцалтгүй тусламж авч ажиллахыг зорьдог" гэлээ.