Г.Батсайхан: Архийг өөх тостой хоолтой хамт хэрэглэх нь нойр булчирхайг өвчлүүлж байна

Г.Батсайхан: Архийг өөх тостой хоолтой хамт хэрэглэх нь нойр булчирхайг өвчлүүлж байна

Намрын улиралд хүний биед ямар өөрчлөлт ордог, энэ цагт биеэ хэрхэн энхрийлүүштэй талаар “Сендүра Мед” эмнэлгийн захирал, АУ-ны магистр Г.Батсайхан доорх зөвлөгөөг өгч байна.

-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Намрын улирал дуусч, өвлийн эхэн сар тун удахгүй гарах гэж байна. Цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол хүний биед ямар өөрчлөлт ордог, энэ цагт хэрхэн биеэ эмнэх талаар зөвлөгөө өгнө үү?

-Нэгдүгээрт хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Сэрүүн цагт махны хэрэглээгээ нэмэгдүүлж болдог. Гэхдээ аль болох жимс, ногоо оролцуулсан хөнгөн хоолыг голлон идэх ёстой юм. Монголчууд өглөө, өдөр, орой гээд өдөрт гурван удаа мах иддэг. Тэгэхээр энэ их хэрэглээг багасгах шаардлага бий. Мөн ногоо ид гэхээр төмс, лууван, байцаанаас хэтэрдэггүй. Угтаа бол нарийн ногоо хэрэглэж занших хэрэгтэй юм. Мөн цагаан идээний хэрэглээг орхигдуулж болохгүй. Жимс ногоо, цагаан идээнээс авах амин дэмээ авч чадахгүй бол нэмэлтээр витамин уух хэрэгтэй.

Хамгийн ноцтой нь архи, тамхины хэрэглээ асар их байна. Тамхи их татдагтай холбоотойгоор амьсгалын замын болон зүрх судасны өвчин их гарч байна. Харин архи хүний нойр булчирхайг өвчлүүлж байгаа юм. Нойр булчирхайн өвчлөлийн 30 хувь нь цөсний чулуунаас, 40 хувь архины хэрэглээнээс шалтгаалж байна. Манайд бол ихэнх хувь нь архидалтаас үүссэн эмгэг байдаг. Архитай хамт, тос өөхтэй хоол хэрэглэх нь  нойр булчирхайн өвчлөлийг ихэсгэж байна гэсэн судалгаа гарсан байгаа. Мөн бүх цагт биеийн хэвийн жингээ барих хэрэгтэй.

Илүүдэл жингээс хамаараад даралт ихсэх, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин гэх өвчлөл үүсч байна. Гадаа сэрүүсч буй учир амьсгалын замын  болон бөөр шээсний өвчлөл ихсэх хандлагатай байгаа учраас аль болох дороосоо даарахгүй байхыг зөвлөж байна. 

-“Сендүра мед” эмнэлэг нь  дээрх өвчлөлд тохирсон ямар эмчилгээг хийдэг вэ?

-“Сендүра мед” дотор, уламжлалтын эмнэлэг. Манай эмнэлэг нь Монос группийн эм зүйн шинжлэх ухааны сургуулийн сургалтын баазаар ажилладаг.  Тиймээс маш олон доктор, профессор чадварлаг эмч, багш ажилладаг юм. Уламжлалт анагаах ухааны гол эмчилгээ болох хануур эмчилгээгээр нэн тэргүүнд эмчилдэг. Хануур нь зүү, бариа, төөнүүр гээд бусад эмчилгээтэй хавсардаг учир үр дүн өндөр гардаг юм. Монголчууд мах их иддэг учир цусан дахь төмөрлөгийн хэмжээ, азотын үлдэгдлүүд их байдаг. Тэгэхээр энэ үед хануур эмчилгээг хийлгэх нь маш үр дүнтэй. Мөн монгол хүний биед хамгийн сайн тохирсон эмчилгээ гэж болно.

Мөн манай эмнэлэг дотрын маш олон төрлийн өвчны эмчилгээ, сувилгааг хийж байна. Дотрын эмнэлэгт ихэвчлэн ахмад хүмүүс хэвтэн эмчлүүлдэг учраас  үе мөч, бодисын солилцоо, тулай өвчнөө хавсран эмлүүлдэг. Мөн мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүс их ирж үзүүлдэг. Ядаргаанд орсон хүмүүст уламжлалт болон  физик эмчилгээ хийхэд их тохиромжтой. Зүрх судас, үе мөч, тулай, чихрийн шижин, даралт ихтэй хүмүүс их эмчлүүлдэг. Бид эмнэлэгтээ шинжилгээ, оношилгоогоо бүрэн хийж, зөвлөгөө, эмчилгээг хийж байна. Мөн хэвтэн эмчлүүлж буй хүмүүст тохь, тухтай орчин нөхцөлд чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг.

-Монголчууд мах их иддэгээс шалтгаалж цусан дах төмөрлөгийн хэмжээ, азотын үлдэгдэл ихээр ялгардаг гэлээ. Энэ эмчилгээг хийхдээ уламжлалт болон Европ эмчилгээг хослуулдаг уу?

-Хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, амьдрал ахуй нь сайжирч байгаа нь сайн. Гэсэн хэдий ч хэт тансаг хэрэглээ, их хэмжээгээр иддэгтэй холбоотойгоор бодисын солилцооны өөрчлөлт ялангуяа чихрийн шижин, тулай, даралт ихсэх гэх мэт өвчлөлүүд ихсэж байгаа. Энэ үед Европ, уламжлалт эмчилгээг хослуулан хийхэд маш тохиромжтой.

-Хануур эмчилгээг монголчууд эртнээс хийлгэж ирсэн юм байна лээ.  Харин одоо цагт уг эмчилгээг хэр таалж байна?

-Уламжлал анагаах ухаан бол Азийн анагаах ухаан гэж явдаг. Азийн анагаах ухаан дотроо монгол анагаах ухааны онцлог бол хануур болон халуун төөнүүр эмчилгээ юм. Хануур эмчилгээ нь хүний муу цус, бодисын солилцооны хэрэггүй зүйлсийг гадагшлуулдаг маш сайн үр дүнтэй. Иргэдийн дунд хануур эмчилгээний тодорхой ойлголт байгаа. Гэхдээ хануур эмчилгээг хийлгэж болно, болохгүй гэсэн ойлголтой хэсэг ч бий.  Ерөнхийдөө зуны улиралд хийдэггүй.  Харин есдүгээр сараас эхлэн сэрүүний улиралд хийх тохиромжтой байдаг.

-Нойр булчирхайгаа өвтгөхгүйн тулд хүмүүс ямар дэглэмийг барих ёстой вэ?

-Монголчууд зуны улиралд , зугаалгаар явахдаа хорхог, боодог их иддэг. Араас нь  архи хэрэглэдэг. Уг хоёр бүтээгдэхүүн нь хоорондоо харшилдаг. Сүүлийн үед нойр булчирхай нь өвдөөгүй хүн ховордсон байна. Энэ нь хүний амьдралын хэв маягтай холбоотой зүйл юм. Хөдөө амьдардаг хүмүүс өндөр хлортой хоол идэж болох ч суурин амьдралтай нийслэлчүүдийн хувьд буруу хооллолт юм. Тэгэхээр хүмүүс амьдралын зөв дадалтай болох өвдөхөөсөө өмнө эмнэлэгт ойр, ойрхон үзүүлж өвчлөлөөс өөрийгөө урьдчилан сэргийлж байгаарай. Махлаг тарган хүмүүс хамгийн түрүүнд зүрх судасны өвчнөөр өвчилж, даралт нь ихэсдэг.