Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан “Эрүүгийн хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд, “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтыг оруулаад байгаа юм.
Иймд бид “Доромжлох” заалтын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа. Тэрбээр, “2017 онд би дэд сайд байхдаа прокурорын хуульд оруулсан заалт байдаг. Яагаад Засгийн газраас тухайн шийдвэрүүдийг оруулсан гэхээр, өмнөх ерөнхий прокуророор улс төрийн намын дарга байсан хүн томилогдож байсан. Шүүх эрх мэдэл хараат байх ёстой, мэргэжлийн байх ёстой гэдэг нь улс төрөөс бас хараат бус байх ёстой гэсэн үг. Тиймээс улс төрч байсан хүн прокурорын байгууллагын толгойд байж болохгүй гэж үзсэн. Улс төрийн зорилгоор өрсөлдөгч намын хүмүүсийг хэлмэгдүүлдэг. Энэ асуудал дээр Д.Дорлигжав гэдэг хүнтэй холбоотой олон асуудал яригддаг. Бизнесменүүдийг дарамталж олон сая долларын хахууль авсан гэж яригддаг. Би энэ асуудлыг олон удаа ярьж байсан. Огт шалгадаггүй юм.
Эрүүгийн хуулийг өөрчлөлт дотор дэмжихээр заалт олон байгаа. Доромжлох гэдэг заалтыг хөндсөнөөс болж энэ өөрчлөлт зөвхөн доромжлох заалтыг л хөндсөн өөрчлөлт болж хувирч байна. Энэ эрүүгийн хэргийн өөрчлөлтөд авилгын бодлого, ялын хугацааг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааны асуудал, албан тушаалын гэмт хэргүүдийг хялбаршуулсан шугамаар шийдэхгүй байх гэхчлэн ард иргэдээс тусгасан олон чухал заалтууд байгаа. Харин доромжлох заалтын тухайд бол би дэмжихгүй байгаа” гэв.
LIVE: