Өнөөдөр /2022.06.07/ Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах үүрэг бүхий УИХ дахь түр хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч, гишүүд холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар хэлэхдээ "Чанаргүй зээлийг багцалбал гурав ангилна. Тодруулбал, төрийн өмчит үйлдвэрийн газрын 563 тэрбум төгрөг, Кью Эс Си компанийн 495 тэрбум төгрөг, хувийн аж, ахуй нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөг нийт 1.8 их наядын чанаргүй зээл байна.
Хөгжлийн банкны мөнгө нь гадны улсуудаас авсан бонд. 2023 онд Хөгжлийн банктай холбоотой хоёр том бондын өр төлөгдөнө. Тодруулбал, Засгийн газрын баталгаатай Евро бондын 500 сая доллар, Самурай бондын 30 тэрбум иений өрийг төлнө. Ийм асуудал тулгарсан учраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх замаар эх үүсвэр бүрдүүлж түүнээсээ гадны өрөө Хөгжлийн банк өөрөө төлөх юм.
Ингэснээр Хөгжлийн банк дефольт болохоос сэргийлж байгаа юм. Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 240 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит үйлдвэрийн газрын өрүүдийг яаж төлөх талаар ярьсан. Засгийн газар үүргээ хүлээх үү эсвэл энэ банк дампуурах уу гэдэг сонголт дээр тулаад байна. Төсөвт дарамт багатайгаар төрийн өмчит үйлдвэрийн газрын өрийг Засгийн газраас төлнө. Ингээд Хөгжлийн банкаа дампууруулахгүй авч үлдэнэ" гэлээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн уулзалтын үеэр байр, сууриа илэрхийлэхдээ "Ирэх арванхоёрдугаар сар гэхэд Хөгжлийн банканд 500 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдөхөөр байна. Ингэснээр тус банк дампуурах эрсдэлээс аврагдаж байна. Олон улсаас зээл босгодог банкаа дампууруулчихвал цаашид зээл авах бонд босгоход эрсдэлтэй болно" гэсэн юм.
ҮЗЭХ: