“Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас нь огцруулах хууль"-ийг баталж өгнө гэж Х.Баттулгын гишүүдтэй “тохирч” ҮХНӨ-ийг дэмжүүлэхээр болжээ

“Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас нь огцруулах хууль"-ийг баталж өгнө гэж Х.Баттулгын гишүүдтэй “тохирч” ҮХНӨ-ийг дэмжүүлэхээр болжээ

УИХ-д суудалтай, суудалгүй улс төрийн намуудаас эхлээд УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч гээд бүх тал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/-дөд өөрсдийн эрх ашгийг оруулахаар хөшигний ард хөөцөлдөж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. /ЭНД ДАРЖ уншина уу/.     

-Д.ГАНБАТЫГ БҮЛГИЙН ДАРГААС ОГЦРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИХЭЭР ТОХИРСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-

Тодруулбал, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бүх талынхныг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсож байгааг гэх бөгөөд тэдний хүслийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулж, зангидахаа амлаж байгаа гэх. Үүнтэй холбоотойгоор анхаарал татаж буй өнцөг нь АН-ынхан ямар тохироо хийж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжүүлэх вэ гэх асуулт.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ынхан Д.Ганбатаар дэмжүүлж ҮХНӨ оруулах “тунхаг бичиг”-т гарын үсэг зуруулсан ч, мөн Х.Баттулгатай тохирч буй бололтой. Учир нь УИХ дахь АН-ын бүлэгт Ц.Туваан, А.Ганибал гээд “Х.Баттулгын гишүүд” олонх.

Иймд дараах тохироог ярилцаж байж магадгүй байна;

  1. Хууль ёсны АН-аар Х.Баттулгын намыг бүртгэн авч, хүлээн зөвшөөрүүлэх.
  2. УИХ дахь АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг огцруулж өгөхийн тулд О.Цогтгэрэл нарын УИХ-д өргөн барьсан, “УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг баталж өгөх гэсэн асуудлаар тохирсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.

Тодруулбал, МАН-ынхан Х.Баттулгын АН-ыг албан ёсных хэмээн хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа ч, харин УИХ-ын гишүүн Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас нь огцруулах хуулийн төслийг баталж магадгүй байгаа аж.

Хэрвээ энэ тохироогоор болбол Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулж, анх ҮХНӨ-ийг өргөн барьж явсан УИХ-ын гишүүн Н.Ганибалыг тус албан тушаалд томилох төлөвлөгөө хэрэгжих юм.

Сонирхуулахад, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд С.Эрдэнэ болон Х.Баттулгынх хэмээн хоёр хуваагдаж өнгөрсөн арваннэгдүгээр сар /2021.11/-д Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас нь огцруулах шийдвэрийг гаргаж, үүнийгээ УИХ-ын даргад танилцуулсан ч Г.Занданшатар дарга УИХ-ын чуулганы индрээс дуудаж танилцуулаагүй юм. Тиймээс тэд “ганц Д.Ганбат”-ыг огцруулахын тулд УИХ-ын тухай хуулийн 31.12 дахь заалтад өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт холбогдох байнгын хороогоор хэлэлцэх үед Д.Ганбат завсарлага авсан юм. Иймд ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх бөгөөд тохироо ёсоор тус хуулийг МАН-ын гишүүд дэмжиж магадгүй байгаа аж. 

Нөгөөтэй, өнгөрөгч нэгдүгээр сар /2022.01/-д “Х.Баттулгын гишүүд” хэмээн яригддаг УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуулийн зарим заалт буюу “давхар дээл”, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан. Энэ бүхнээс харвал, МАН-ын ҮХНӨ оруулах, “Х.Баттулгын гишүүд”-ийн УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Н.Ганибалыг томилуулах гэсэн тохироо өнөөдөр үргэлжилж байж мэдэх байна.