Чөлөөт бүсийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэг сарын дотор идэвхжүүлнэ

Чөлөөт бүсийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэг сарын дотор идэвхжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар чөлөөт бүсэд хөрөнгө оруулах санхүүжилтээ босгосон, зураг төсвөө баталсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэг сарын дотор идэвхжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамнаас Чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, олон улсын сайн туршлагыг Засгийн газрын хуралд танилцуулсан байна. Мөн цаашдаа чөлөөт бүсийн талаар баримтлах бодлогыг танилцуулж, тодорхой чиглэл авсан гэдгийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Монгол Улс Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуурын чөлөөт бүсийг байгуулсан ч анх байгуулахдаа тавьсан зорилтоо биелүүлж чадаагүй байна. Үүнд чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөлтийг хийхдээ хөрөнгө оруулагчдын саналыг тусгаагүй, газар олголтыг зөв хийгээгүй зэрэг асуудал нөлөөлсөн байна. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүс нийт 900 га талбайн 113.9 га талбайг 81 аж ахуйн нэгж авсан байна. Үүнээс ердөө тав нь л ажиллаж байгаа аж. Алтанбулагийн чөлөөт бүсийн 500 га талбайн 120 га талбайг 131 аж ахуйн нэгж авснаас 29 нь л ажиллаж байна. Цагаан нуурын чөлөөт бүсийн 708 га газрын 101 га талбайг 4 аж ахуйн нэгжид олгосон ч хараахан үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа юм. Тиймээс олон улсын туршлагад үндэслэн хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцсэн тусгай зориулалтын компани байгуулж, чөлөөт бүсүүдийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраар батлуулах, хэсэгчилсэн төлөвлөгөөг хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцүүлэх чиглэл гарч байгааг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд онцлов. Мөн чөлөөт бүсүүдийг хөрш орнуудын чөлөөт бүсүүдтэй нягт уялдуулна гэдгийг дурдсан юм.

Засгийн газраас чөлөөт бүсэд хөрөнгө оруулах санхүүжилтээ босгосон, зураг төсвөө баталсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэг сарын дотор идэвхжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Мөн хөрш орнуудтай тохиролцох, бүтээн байгуулалтын ажлыг ач холбогдлоор нь эрэмблэхийг үүрэг болгожээ. Замын-Үүд чөлөөт бүсэд л гэхэд өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, ДЦС, ариутга, татуургыг бий болгосон байна. Одоо дэд бүтцийг аж ахуйн нэгжүүдэд хүргэх ажлыг хийж байгаа тул нэн тэргүүнд Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэхэд анхаарах аж. Хоёрдугаарт, Хөшгийн хөндийн чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажилд анхаарах үүрэг өгсөн байна. Түүнчлэн газар авчихаад үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлах талаар дүрэм, журамд өөрчлөлт оруулахыг даалгажээ.