Б.Энхбаяр: Бяр, хүчээр шийддэг бөхийн цолыг бид кноп дараад шийдчихэж болохгүй /ВИДЕО/

Б.Энхбаяр: Бяр, хүчээр шийддэг бөхийн цолыг бид кноп дараад шийдчихэж болохгүй /ВИДЕО/

Өнөөдөр УИХ-ын байнгын хороо хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр бөхийн цол, эрэмбэ дарааны талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хуулиар зохицуулагдах ёсгүй харилцааг хуулиар зохицуулах гэж оролдсоноороо бид алдаа гаргаад байна. Энэ хуулийг Р.Гончигдорж нутгийнхаа бөхөд цол өгөх гэж гаргасан. Хуулийн дөрөв дэх заалтыг батлахгүй бол асуудал үүснэ гэж байна. Яг хэн асуудал үүсгэх гээд байгаа юм бэ. Миний ойлгож байгаагаар Б.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын аль нь дээрээ гарах талаар бид УИХ-ын чуулган дээр ярилцаад байгаа болж таарч байна. Тэгвэл би Бөхийн холбооны ерөнхийлөгчөөс асуумаар байна. Энэ хууль буцаж үйлчлэх үү. Хоёрдугаарт энэ хуулийг батлахгүй гэвэл тийм том асуудал үүсэх гээд байгаа юм уу. Бяр хүчээр бий болдог бөхийн цолыг бид кнопоор шийдэж болохгүй. Кноп оролцдоггүй асуудал гэж байгаа үүнд би хариулт авмаар байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “512 бөх барилдаад арслан цолтой бөх түрүүлсэн бол аварга, аварга барилдаад түрүүлсэн бол даян аварга, даян аварга барилдаад түрүүлбэл дархан аварга болно гэсэн хуучин хуулийн заалтаа шинэ хуульдаа шигтгэж өгөөгүй. Үүнийг л зохицуулах гэснээс хувь хүнд зориулсан хууль огтоос биш. Бөх морио ойлгодог байж ярих хэрэгтэй” гэв.

Тэдний асуултад Монголын бөхийн холбооны тэргүүн Г.Маналжав хариулав. Тэрбээр нэгдүгээрт, энэ хууль буцаж үйлчлэхгүй. Хоёрдугаарт, хэн нэгэнд цол олгох асуудал энэ журмаар явагдахгүй. Гуравдугаарт өмнө нь уламжилж ирсэн бөхийн цолыг хэлэлцэхгүйгээр шийднэ” гэв.

ВИДЕО: