ВИДЕО: Б.Чойжилжалбуу нь ХБ-ны 20 тэрбумыг хотхон барих бизнестээ ашиглаж, тэнд нь Архангайн гишүүд амьдардаг байж магадгүй байна

ВИДЕО: Б.Чойжилжалбуу нь ХБ-ны 20 тэрбумыг хотхон барих бизнестээ ашиглаж, тэнд нь Архангайн гишүүд амьдардаг байж магадгүй байна

Б.Чойжилжалбуу нь 2016-2020 онд Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудал сөхөгдөж нийгэмд дуулиан тарих үеэр түүнийг Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдоос их хэмжээний авлигал авсан мөн гэрчийг дарамталж, сүрдүүлсэн гэх үндэслэлээр шүүхээс шийдвэр гарч цагдан хорьж байсан. Тэгвэл Б.Чойжилжалбуутай холбоотой бас нэгэн мэдээллийг isee.mn мэдээллийн сайтаас хүргэж байна.

ВИДЕО: 

-Б.ЧОЙЖИЛЖАЛБУУГИЙН "МАРС ГРАНД" ХХК НЬ "ЖАРГАЛАНТ ХОТХОН"-Ы БАЙРЫГ "ЧИНГИС ХААН" БАНКНЫ ЗЭЭЛЭЭР БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ-

Б.Чойжилжалбуу нь Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байхдаа тус банкны чөлөөт мөнгөн үлдэгдлээс 45 тэрбумыг Чингис хаан банканд байршуулах шийдвэрийг гаргасан /хадгаламжийн хүүгийн орлого авах зорилгоор/ байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус шийдвэрийг гаргах хурлын үеэр банкны ажилчдын зүгээс “Чингис хаан банканд байршуулах нь эрсдэлтэй" талаар сануулахад хувь  байр, сууриа тулгаж байсан гэх. Гэтэл өнөөдөр Чингис хаан банканд байршуулсан 45 тэрбумын 20 тэрбум нь Хөгжлийн банканд эргэн төлөгдөөгүй гэдгийг албаныхан хэлж байна.  Хамгийн ноцтой нь өнөөдрийн байдлаар Чингис хаан банкны “эрүүл мэнд” муудаж, дампуурах эрсдэлтэй болсон бөгөөд энэ өдрүүдэд Монгол банкны хяналт, шалгалт ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тус банк нь зээлээ эргэн төлөх чадваргүй болж магадгүй байгаа юм. 

Үүнтэй холбоотой хардах нэг өнцөг бий бөгөөд Б.Чойжилжалбуу нь Чингис хаан банканд 45 тэрбум төгрөг байршуулах шийдвэр гаргахтай давхцуулан Богд уулын урд энгэрт байрлах Жаргалантын аманд тансаг зэрэглэлийн “Жаргалант хотхон”-ын төслийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа юм. Тодруулбал, Б.Чойжилжалбуу нь өөрийн хөрөнгө оруулгын мэдүүлэгт нээлттэй мэдүүлдэг “Марс Гранд” компаниараа тус барилгын  төслийг хэрэгжүүлж, тун удахгүй хоёр ээлжийн байраа ашиглалтад оруулах гэж байна.

Баримтыг ЭНД ДАРЖ үзэх. 

Марсгранд ХХК-ийн эзэмшлийн мэдээлэл

Тэгэхээр Б.Чойжилжалбуу нь Чингис хаан банкнаас авч чадахгүй байгаа Хөгжлийн банкны 20 тэрбумаар “Жаргалант хотхон”-ыг барьж, төсвийн мөнгийг хувийн бизнесээ өргөжүүлэхэд ашигласан уу гэх хардлага гарч байгаа.

Зарим баримтыг харвал “Жаргалант хотхон”-ы нэгдүгээр улирлын байрыг Чингис хаан банкны 1 хувийн хүүтэй зээлээр авч болох нөхцлийг “Марс гранд” компаниас санал болгож байжээ. Энэ нь Чингис хаан банканд үлдсэн 20 тэрбумаар барилга барьсан уу эсвэл Б.Чойжилжалбуу нь тус банктай ашиг, сонирхлоор холбогддог уу гэх асуултыг асуухад хүргэж байгаа юм.

“Жаргалант хотхон”-ы сурталчилгаа

-ТУС ХОТХОНД АРХАНГАЙН ГУРВАН ГИШҮҮН АМЬДАРДАГ БАЙЖ МАГАДГҮЙ-

Дээрхээс гадна Б.Чойжилжалбуу нь банкны салбарын бус барилгын мэргэжилтэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай нэг нутаг тэр бүү хэл арван жилийн ангийн найз аж. Тиймээс уг барилгын төслийг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг оролцсон байж болзошгүй гэх эх сурвалжийн мэдээлэл буй. Учир нь Архангайн гурван гишүүн болон Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар “Жаргалант хотхон”-д амьдардаг байж магадгүй гэх мэдээлэл ч байгаа юм. Энэ бүхний холбоо хамаарлыг АТГ-аас шалгаж буй бөгөөд “Жаргалант хотхон”-ыг Хөгжлийн банкны мөнгөөр барьсан эсэх үүнд улс төрчид оролцсон уу зэрэг нь илүү тодорхой болох магадлалтай байна.