“АН-ын бүлгээс Д.Ганбатыг огцруулах” хууль “МАН-ын бүлгээс Д.Тогтохсүрэнг огцруулах” болж өөрчлөгдлөө

“АН-ын бүлгээс Д.Ганбатыг огцруулах” хууль “МАН-ын бүлгээс Д.Тогтохсүрэнг огцруулах” болж өөрчлөгдлөө

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулахын тулд тус намаас нэр дэвшиж парламентад сонгогдсон О.Цогтгэрэл нарын хэдэн сарын өмнө өргөн барьсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах” тухай хуулийг УИХ дээр яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн нь олон асуудлыг дагуулсан, энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа.

-Д.ГАНБАТ С.ЭРДЭНЭТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛСОН НЬ АН-ЫН ОЛОН ГИШҮҮДИЙН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧЭЭ-

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл энэ тухайгаа, “АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд УИХ дахь бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар саналд нэгдвэл, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан” гэж тайлбарласан.

Товчхондоо, “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах” тухай хуулийн төсөл нь Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулах зорилготой “Нэг хүнд зориулсан” хуулийн өөрчлөлт гэж хэлж болно. Мөн нөгөө талаар Д.Ганбат С.Эрдэнэтэй нягт, салахгүй ажиллах болсон нь С.Эрдэнийн эрх мэдлийг нэмэгдүүлж, АН-ын олон мянган гишүүдэд таалагдахгүй байх талтай байгаа юм.

Учир нь С.Эрдэнэ, Х.Баттулга, З.Энхболд нарыг АН-аас хэрхэн зайлуулах вэ гэдэг асуулт тус намын гишүүдийн толгойны өвчин болсон гэдэг.

-“Д.ГАНБАТЫГ ОГЦРУУЛАХ” ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙТАЛ ТЭРЭЭР ӨӨРӨӨ ОГЦОРСОН ТУЛ,  ХУУЛЬ “Д.ТОГТОХСҮРЭНГ ОГЦРУУЛАХ” ХУУЛЬ БОЛЖ ӨӨРЧЛӨГДӨВ-

Харин нэг ноцтой асуудал үүссэн нь, “олон сарын өмнө О.Цогтгэрэлийн өргөн барьсан “Д.Ганбатыг огцруулах” зорилготой “Нэг хүнд зориулсан” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн нь тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг АН-ын гишүүдээр дэмжүүлэх тохироог хийсэн үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Гэтэл өчигдөр /2022.07.01/ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тус бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн. Тэрээр, “УИХ-ын сонгуулийн тухай хуульд 8-аас доошгүй санал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж заасан байдаг. Харин гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийн тоо 8-аас бага бол бүлгийг тараана гэж заасан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна” гэсэн юм. Иймд УИХ-аар хэлэлцэж байгаа “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах” тухай хуулийн төсөлд шинэ нөхцөл байдал үүссэн юм.

Товчхондоо, хууль гаргаж байгаад огцруулах гэж байсан Д.Ганбат өөрөө огцорч, дагуулаад АН-ын бүлгийг тараасан юм.

Иймд тус хуулийн төслийг өчигдөр /2022.07.01/ УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэгт буцаасан гэх мэдээлэл байна. Учир нь “Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас нь огцруулах”-аар хэлэлцэж байсан хууль нь батлагдвал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд үйлчлэхээр болоод байгаа аж. Учир нь УИХ-д АН-ын бүлэг албан ёсоор тарснаар, УИХ-д МАН ганцаараа бүлэгтэй үлдэж байгаа юм. Иймд “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах” тухай хуулийн төслийг эцэслэн батлахгүйгээр хууль санаачлагчид нь буцаах нөхцөл байдал үүсжээ.