Хийн хоолой, Шатахуун, Татвар зэрэгт нааштай хандаж, хариуд нь "ОХУ-ын Евразийн холбоо”-нд Монголыг элсүүлэх санал тавьж магадгүй

Хийн хоолой, Шатахуун, Татвар зэрэгт нааштай хандаж, хариуд нь "ОХУ-ын Евразийн холбоо”-нд Монголыг элсүүлэх санал тавьж магадгүй

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнөөдөр /2022.07.05/ манай улсад ажлын айлчлал хийж байна. Түүний айлчлал нэг л өдөр үргэлжлээд өндөрлөнө гэх мэдээлэл байгаа юм.

-В.ПУТИН АЙЧЛАЛАА ЦУЦАЛЖ ОРОНДОО С.ЛАВРОВ ИРСЭН БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Айлчлалын хүрээнд манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хэлэлцээ хийж хоёр улсын хамтын ажиллагааны зарим асуудал тухайлбал худалдаа эдийн засгийн төслүүдийг урагшлуулах, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцох аж. Тухайлбал, худалдаа эдийн засгийн төслүүдийг урагшлуулах хүрээнд;

  • “Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах” төслийн үе шатыг ахиулах
  • Манай улсын бараанд ногдуулдаг Оросын хэт өндөр татварыг бууруулах
  • Шатахууныг хямдралтай үнээр манай улсад нийлүүлэх асуудлыг Оросын талаас тавьж магадгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм.

Нөгөө талаар манай улс олон гуйлга, хүсэлт тавьж үүнд нь Оросын Гадаад хэргийн сайд “найр тавьж” магадгүй бололтой.

С.Лавров 2016 онд манайд айлчлав

Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр энэ сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцлаж, өөрийнхөө оронд Гадаад хэргийн сайд С.Лавровыг явуулсан аж. Харин С.Лавров 2004 оноос хойш ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2016 онд манайд айлчлахдаа “жинсэн өмд”-тэй ирсэн гэх шүүмжлэлд өртөж байсан нэгэн юм.  

-МАНАЙ ОЛОН ГУЙЛТЫН ХАРИУД ОХУ-ЫН “ЕВРО-АЗИЙН ХОЛБОО”-НД МОНГОЛ УЛСЫГ ЭЛСҮҮЛЭХ САНАЛЫГ ТАВИНА ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-

ОХУ-ын Украинд хийж буй түрэмгийлэл нь дэлхийн гео улстөрийн нөхцөл байдалд өөрчлөлт оруулж буй энэ эмзэг үед бид дипломат ухаалаг зөв шийдвэрээр уг айлчлалын ард гарах ёстой гэх олон нийтийн байр, суурь байна.

Тухайлбал, уг айчлалын үеэр манай улсын зүгээс “Дайнаа зогсоож, энхийн хэлэлцээрт суух” уриалгыг гаргах ёстойг зарим судлаачид зөвлөжээ.

Харин нөгөө талд ОХУ олон улсын эдийн засгийн хоригт орсонтой холбоотойгоор Азийн орнуудтай найрсаг харилцааг сэргээж саарал эдийн засгийг сэргээхээр ажиллаж байгаа аж. Иймд С.Лавровын энэ удаагийн айлчлал ч үүнтэй холбоотой бөгөөд гео улстөрийн нөхцөл байдалд нөлөөлөх гэсэн оролдлого  ч байж магадгүй байна. Үүнтэй холбогдуулан С.Лавровыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай битгий уулзаасай цаашлаад Засгийн газар ОХУ-аас олон юм гуйхын оронд “Эгийн голын усан цахилгааны станц” барих төслийн ажлыг урагшлуулахад “ам авах” хэрэгтэй гэх нэгэн ч байна.

Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орны тэргүүнүүд

Харин ОХУ өөрсдийн үйлдэлд дэмжлэг авснаа баталгаажуулж Монгол Улсыг Евразийн эдийн засгийн холбоо /ОХУ-ын Евро-Азийн холбоо/-нд гишүүнээр элсүүлэх тулгалтыг хийж магадгүй. Энэ оролдлого Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед гарч байсан гэх мэдээлэл байдаг. Өнөөдрийн байдлаар “Евразийн эдийн засгийн холбоо”-нд ОХУ, Казахстан, Беларусь, Армени болон Киргизстан гэх мэт хуучин Зөвлөлт холбоот улс /ЗХУ/-ын бүрэлдэхүүнд байсан Балтийн тэнгисийн таван орны гишүүнчлэлээс бүрддэг. Цаашлаад Евразийн эдийн засгийн холбоо нь Европын Холбоо болон АНУ-ын тэнцвэрийг хангах зорилготой ч гэдэг.